|
“Монгол Улсын уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг” сэдэвт уулзалт-семинар Лондон хотод болов |
|
|
|
|
Written by Administrator
|
|
Wednesday, 30 June 2010 06:56 |
|
“Монгол Улсын уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг” сэдэвт уулзалт-семинар өнөөдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр Лондонгийн хөрөнгийн бирж (ЛХБ)-д болов. Энэхүү арга хэмжээг ЛХБ, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам, “Носсерн Секюритис” санхүүгийн зөвлөх компани хамтран зохион байгуулав. Олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас байршуулах сонирхол бүхий монголын төрийн болон хувийн зарим компанид ЛХБ-ийн үйл ажиллагааг танилцуулах, Британийн томоохон хөрөнгө оруулагч нарт Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинг сурталчлах, хоёр улсын бизнесийн салбарын төлөөллийг ойртуулахад уг уулзалт-семинарын үндсэн зорилго оршиж байв.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Загджав, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг, Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирал Х.Алтай нар болон хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцож ЛХБ-ээр дамжуулан хэрхэн хөрөнгө босгох мэдээллийг авч британийн зарим томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй ганцаарчилсан уулзалт хийв. Уг арга хэмжээний үеэр хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн уулзалтууд Британи-Монголын төлөөлөгчдийн дунд олноор зохион байгуулагдав. Уулзалт-семинарыг Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал С.Роле нээж “Монголын эдийн засгийн өсөлт ба Лондонгийн хөрөнгө оруулалт” сэдвээр үг хэлсэн бол “Монголын уул уурхайн салбарт дахь боломж” сэдвээр Кредит Свисс банкны Метал, уул уурхайн асуудал эрхэлсэн захирал Лаурент Чарбонниер, Рио Тинто компанийн Зэсийн асуудал эрхэлсэн захирал Питер Николлс, Петро Матад компанийн гүйцэтгэх захирал Доуглас МакГэй нар илтгэл тавилаа. Мөн “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн ба хэтийн төлөв байдал” сэдвээр УИХ-ын гишүүн О.Чулуунбат мэдээлэл хийсний дараагаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирал Х.Алтай, “Эрдэнэс МЖЛ” дэд захирал Г.Тэмүүлэн, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг нар илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариулав |