|
Монгол Улсаас ӨАБНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зумад Кэйп Таун хотноо Ерөнхийлөгчийн Тэнхэйс ордонд Итгэмжлэх жуух бичгээ 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр барив. ИЖБ-гээ барьсантай холбогдуулан Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ элчин сайд Б.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоотойг тэмдэглэж, элчин сайдаар ажиллах хугацаандаа эдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Эл зорилгоор хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бий болгохын чухлыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг энэ оны 10, 11 дүгээр сард ӨАБНУ-д айлчлуулах хүсэлтэй буйг уламжлав. Ерөнхийлөгч Жекоб Зума манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллага түүний дотор уул уурхайн чиглэлээр хөгжих бүрэн бололцоо байгааг тэмдэглээд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарахаа онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь ярихдаа уул уурхайн өндөр мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх туршлагыг хуваалцахад таатай байх болно гээд энэ чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүрэн бололцоо бийг онцлов. Уулзалтын үеэр элчин сайд 2009 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиосныг цохон тэмдэглэв.
Мөн өдөр элчин сайд Б.Алтангэрэл ӨАБНУ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны дэд сайд хатагтай Сьюзан ван дэр Мэрвэ, Ёслолын газрын захирал, элчин сайд Л.М.Махубела, Төв ба Дорнод Азийн газрын ерөнхий захирал Бассон, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын захирал, Дээд боловсролын яамны газрын ерөнхий захирал нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эрдэс баялаг, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлагаас суралцах, мэргэжилтэн бэлтгэх, тус улсад өргөмжит консулыг томилох зэрэг хоёр талын харилцааны тодорхой асуудлаар ярилцаж санал солилцов. Тэрчлэн уулзалт ярианы үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж буйд хоёр тал санал нийлж, эдгээр боломжийг ашиглахад идэвхтэй хамтран ажиллахаар тогтлоо. Мөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны Консулын газрын захирал А.Лаубшертэй уулзаж, дипломат болон албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих гэрээний төслийг гардуулав. |