MongolianEnglish (United Kingdom)
Home News and Events ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 26 January 2010 17:07

Эрхэм хүндэт элчин сайд нар,

Ноёд, хатагтай нар аа,

Юуны өмнө, хүчтэй газар хөдлөлтөд амь нас, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа Гаитийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгдье. Бид мөн хүмүүнлэг үйл хэргийн төлөө ажиллаж байгаад амь насаа алдсан НҮБ-ын ажилтнуудын ар гэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүнд эмгэнэл илэрхийлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ойр ойрхон давтагдах болсны хор хохирлыг бид бүгд амсаж байна.

Ноёд, хатагтай нар аа,
Монгол Улс ч мөн хүнд хэцүү байдалд ороод байна. Огцом хүйтрэлийн улмаас хүний амь нас эрсдэж, цас ихээр орсны улмаас малын бэлчээр дарагдаад байна. Олон улсын хамтын нийгэмлэг «зуд» гэж мэддэг болсон тийм байгалийн гамшиг нүүрлэсэн сарууд эхлээд байна. Иймэрхүү зудын байдал 1999-2002 онд манай улсад тохиолдож байсан. Тэр зуднаар олон арван хүн амь насаа алдаж, 11 сая мал осгож үрэгдсэн. Олон улсын хамтын нийгэмлэг тэр хүнд үед бидэнд тусламжийн гараа сунгаж, зудын үр дагаврыг арилгахад дэмжлэг үзүүлсэн билээ.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар зудын давтамж 10 орчим жилд нэг удаа тохиож байгаа тал байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ удаагийн хүнд өвлийг даван туулах талаар холбогдох арга хэмжээнүүд авч байна.

Улсын онцгой комиссоос малчдад эд материалын болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх аян, хөдөлгөөн өрнүүлэхийг нийт хүн ам, төрийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд уриалан ажиллаж байна.
Энэ аян хөдөлгөөний хүрээнд Гадаад харилцааны яам та бүхэнд мэдээлэл өгөх энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар хотноо байгаа та бид ч сүүлийн жилүүдэд байгаагүй их хүйтэн өвлийг мэдэрч байна. Цаг агаар олон аймагт рекорд тогтоох хэмжээнд хүйтэрлээ. Аймгуудын дийлэнх нь 50 хүртэл сантиметрийн цасанд дарагдаж, одоогийн байдлаар 776,7 мянган мал хорогдоод байна. Олон зам даваа цасанд дарагдан боогдоод байна.

Нийтдээ 19 аймгийн 198 суманд өвөлжилтийн бйдал хүнд, үүнээс 8 аймгийн 94 суманд байдал онцгой хүнд байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ нэг, хоёр дугаар сард цас нэмэн орж, улам хүйтрэхээр байна. Ингэвэл, малын бэлчээр, өвс тэжээл бүр хүрэлцэхгүй болж, улам их мал хорогдох аюултай байна.
Манай Засгийн газрын эн тэргүүний зорилт бол хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Малчид маань малаа аврах гэж яваад амь насаа алдаж байна. Тиймээс Засгийн газар хамгийн их хүндрэлтэй байгаа бүс нутагт улсын нөөцөөс өвс тэжээл хүргэж, малчид болон малыг нь өвөлжөөнд нь авран хамгаалах арга хэмжээ авч байна. Тээвэр, шатахууны зардлыг Засгийн газар хариуцан ажиллаж байна.
Хэдийгээр Засгийн газар, нийт иргэд бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа боловч цаг агаарын гамшгийн байдлын цар хүрээ, үргэлжлэх хугацаа бидний чадавхи, хөрөнгө нөөцийг шавхаж магадгүй байна.
Өнгөрсөн жил манай нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь гантай байсныг та бүхэн мэдэх байх. Өөрөөр хэлбэл, ган гачгийн улмаас манай бэлчээрийн нөөц ихээхэн хумигдсан. Үүний дээр, одоогийн их цас, хүйтэн цаг агаарын улмаас олон зуун мянган мал нэмж хорогдох аюул тулгараад байна. Хамгийн гол хүндрэл дөрөв, тав дугаар сард болно гэж тооцоолж байна.
Амьдралын цорын ганц эх үүсвэр болсон малаа алдах нь малчин айл өрхийн хувьд сүйрэл болно. Эдийн засаг, нийгмийн хор хөнөөл нь төсөөлшгүй их байх юм.

Ноёд, хатагтай нар аа,
Бид хүч чармайлт их тавьж байгаа боловч манай хандивлагчид, түншүүдийн нэмэлт тусламж, дэмжлэг шаардлагатай болж магадгүй байна. Монголчууд бид байгалийн гамшиг тохиолдож байсан өнгөрсөн үед манай найрсаг харьцаатай улс орнууд, байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч ирсэн, түүнд гүнээ талархаж явдаг билээ.
Хүний амь насыг аврахад шаардлагатай эн тэргүүний эд материал ач холбогдолтой болоод байна. Үүнд, дулаан хувцас, зөөврийн цахилгаан болон дулаан үүсгүүр, илчлэг ихтэй хүнс, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл зэрэг байж болох юм.

Манай малчид дохиолол, холбооны багаж төхөөрөмж сайтай байсан бол олон хүний амь насыг аврах боломжтой байсан гэж би бодож байна.

Бид аль болох олон мал аварч чадвал малчдын амьдралд учирч болох олон сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж чадах болно. Иймд хүнд хэцүү байгаа орон нутагт өвс тэжээл, нэмнээ хүргэх, малын өвөлжөө шинээр байгуулах шаардлага их байна.
Эцэст нь, одоогоор байдал гамшгийн онц байдал тогтоох хэмжээнд арай хүрээгүй байгаа хэдий боловч тун ойр байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс хэрэв гамшгийн байдалд хүрвэл юу хийж болох вэ гэдэг талаар бодож байхыг та бүхнээс хүсч байна.
Гэхдээ урьдчилан сэргийлэх нь байдал хүндэрсний дараахь эмчилгээнээс дээр гэдгийг бид бүхэн мэднэ. Тийм ч учраас манай малчид, тэдний амьжиргааны эх үүсвэр болсон малд учрах хор хохирлыг аль болох багасгах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажилд та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсч байна.

Та бүхэн цаг зав гарган ирсэнд талархаж байна. Тодруулах асуудал байвал манай холбогдох мэргэжлийн яам, байгууллагын төлөөлөгчид тодорхой хариулт өгөхөд бэлэн байна.

Баярлалаa.

 
The Embassy of Mongolia in the United Kingdom