ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН НОМЫН САНД МОНГОЛЫН ЭРХ ЗҮЙН НОМЫН КАТАЛОГИ НЭЭГДЭВ

Оксфордын их сургуулийн Хуулийн номын санд Монгол Улсын хуульч эрдэмтдийн бүтээлийн дээж 13 бүтээлийг гардуулан өгөх ажиллагаа 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр боллоо.  Тус номын сангийн эрхлэгч Хэлэн Гарнер, номын санч Маргарет Уатсон нар Монгол хэл дээр анх удаа хуулийн ном сурах бичгүүдийг хүлээн авч гадаадын эрх зүйн ном сурах бичгийн сан хөмрөгт Монголын эрх зүйн номууд гэсэн тусгайлсан катологи үүсгэж байгааг талархан мэдэгдэв. Энэхүү арга хэмжээнд тус ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр, энэхүү ном хандивлах ажлыг санаачилсан Оксфордын их сургуулийн хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байгаа МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяр оролцов. Хандивласан бүтээлүүд дотор профессор Б.Чимид, С.Нарангэрэл тэргүүтэй Монголын нэртэй хуульч эрдэмтдийн бүтээлүүд багтжээ.

Оксфордын их сургуулийн хуулийн номын сан нь 500 мянга гаруй хуулийн номтой бөгөөд жил бүр 10 мянган номоор сан хөмрөгөө баяжуулдаг байна. Дашрамд дурдахад Оксфордын их сургуульд төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр цөөнгүй Монгол оюутан, судлаачид судалгааны ажил хийж байна.