ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Британийн нийслэл Лондон хотноо 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14:40 цагт террорист халдлага гарлаа. Халдлага Вестминстерийн гүүр, Вестминстерийн ордон буюу парламентын ордны орох хаалганы орчим өрнөсөн байна.

Лондонгийн цагдаагийн газраас өнөө өглөө өгсөн хамгийн сүүлийн мэдээгээр “Халдлагийг хутгаар зэвсэглэсэн дунд эргэм насны өмнөд Ази төрхийн этгээд үйлдсэн. Тэрээр Хендэй маркийн жийп машинаар парламентын ордны чигт Вестминстерийн гүүрний явган хүний замаар замдаа тааралдсан хүмүүсийг дайрч ордны хамгаалалтын төмөр хашааг мөргөж зогссон. Дараа нь машинаасаа гарч парламентын ордны хамгаалалтын бүсийг нэвтэрч ордны хаалга чиглэн явах үед хамгаалалтын  цагдаа түүнийг зогсоохыг оролдоход цагдааг хутгалж амийг нь хороон  цааш ордны хаалгаруу үргэлжлүүлэн явсан байна. Энэ үйлдлийг нь анзаарсан зэвсэгт цагдаа түүнийг буудсанаар халдлага зогссон” гэжээ.

 Хадлагын улмаас гэмт этгээд нийт 5 хүн нас барсан ба 40 орчим хүн гэмтэж шархдан эмнэлэгийн тусламж авснаас одоо 29 нь хэвтэн эмчлүүлж байгаагийн 7 нь хүнд байдалд байна.

 ЭСЯ-ны зүгээс орон нутгийн цагдаагийн газартай холбогдсон бөгөөд хохирогсдын дотор монгол хүн байсан эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.

Иймд Британид оршин суугаа  монгол иргэд онц шаардлагагүй бол олон нийт цугларсан газарт зорчихгүй, очихгүй байх, анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

 Энэхүү халдлага нь өнгөрсөн онд Брюссельд болсон террорист халдлагийн нэг жилийн ойн өдөртэй давхцаж байгаа ажээ.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам