ШААРДАХ БИЧГИЙН ХАРИУГ ӨГЛӨӨ

Г.ИЧИНХОРЛОО (Ichinkhorloo Sopp), Э.ОДОНГЭРЭЛ (Odongerel Hassan) НАРТ

Та бүхнээс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Элчин сайд надад ирүүлсэн шаардах бичигтэй танилцлаа. Уг бичигт,  “Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйлийг иш татаад  2017 оны 4-р сарын 27-ны дотор албан бичгээр хариу өгөхийг шаардаж байна,  “4-р сарын 23-ны өдөр хийх нээлттэй ярилцлаганд оролцохыг урьж байна” гэж бичжээ.

             Ирүүлсэн бичигт миний бие дараах хариуг өгч байна. Үүнд:   

            1. 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс та бүхний эхлүүлсэн цуглаанаас өмнө миний өгсөн үүргийн дагуу тус Элчин сайдын яамны консулын ажилтан Г.Ичинхорлоотой холбогдож санал хүсэлтийг нь асууж, улмаар түүнийг Элчин сайд хүлээн авч уулзах боломжтой гэдгийг албан ёсоор дамжуулсан. Гэвч товлосон өдөр, цагт болох уулзалтыг цуцалж байгаагаа Г.Ичинхорлоо Элчин сайдын яаманд өөрөө утсаар мэдэгдсэн болно.

             2. Элчин сайдын хувьд миний бие цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад оршин суугаа Монгол иргэдтэй танилцах, харилцан ярилцах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Элчин сайдын яамны байранд уулзалт зохион байгуулав. Уулзалтын зарыг 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тарааж, үйл явцыг нь онлайн нэвтрүүлж, улмаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, асуултанд би шууд хариулсан бөгөөд та бүхний шаардах бичигт дурдсан асуудлаар ч байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн.

             3. Та бүхний зүгээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яаманд хандаж, Элчин сайд намайг эгүүлэн татах шаардлага бүхий мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд эдгээр байгууллага, албан тушаалтнаас хариу хараахан ирээгүй байна.

              4. Төрийн томилгоо хийх эрх бүхий Монгол Улсын дээд шатны байгууллага, албан тушаалтанд та бүхэн хандаад байгаа энэ үед авсан томилолтынхоо дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа миний бие урьд нэгэнт ярьсан асуудлаараа та бүхэнтэй дахин тусгайлсан уулзалт хийх нь илүүц гэж үзэж байна.

               Эцэст нь тэмдэглэхэд, Монголын асуудлыг монголчууд өөрсдөө шийддэг зарчим үйлчлэх естой гэсэн итгэл үнэмшил надад бий. Гэтэл шаардах бичигт Монгол Улсын иргэдийг төлөөлжхэмээн гарын үсэг зурсан Г.Ичинхорлоо, Э.Одонгэрэл нар нь цуглаан зохион байгуулахдаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн Ichinkhorloo Sopp, Odongerel Hassan гэх  нэрээрээ тус улсын холбогдох байгууллагад хандсанаас гадна мөн энэ нэрээрээ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламентын гишүүнд сонгогчийнхоо хувиар захидал бичсэнээ Ichinkhorloo Sopp өөрөө тус Элчин сайдын яаманд ирүүлсэн байдаг. Түүнчлэн уг цуглаанд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, мүүнийн шашны зүтгэлтэн  Peter Graham гэх хүн тогтмол оролцож байгаа нь дээрх зарчим ноцтой зөрчигдөхөд хүргэж байна.

 МОНГОЛ УЛСААС ИБУИНВУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД С.БАЯР