Зарлал

     Элчин сайд Британи дахь монгол иргэдтэй 3 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гаригийн 19.00 цагт ЭСЯ-нд уулзана.

     Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр Британи дахь монгол иргэдтэй уулзаж  ахуй амьдрал, ажил, сургуульд холбогдох асуудлаар санал солилцож,  ярилцана. Мөн тэрчлэн сүүлийн өдрүүдэд ЭСЯ-ны гадна хэсэг иргэдийн санаачилгаар зохион байгуулж буй тайван цуглаанд холбоотой асуудлаар мэдээлэл өгч  иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө.

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

shuudan

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг /апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичиг/-ийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэд энэхүү үйлчилгээний дагуу ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баримт бичиг баталгаажуулах /Апостиль гэрчилгээ, консулын баталгаа, нотариатын үйлдэл/ хүсэлт гаргахдаа шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар үйлчилгээ авах эрх үүсэх юм.

 00000111111

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулинд дараах нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Үүнд:

-Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарласан зохицуулалтыг тусгажээ.

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөв. Практикт дипломат ажилтнууд ажиллах улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзсан аж.

-Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байна, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага байна. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй юм.

Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг батлав. Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Б.Туул

Ч.Содномцэрэн: Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно

 |  Нийтэлсэн Б.Туул

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахыг дэмжсэн. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонгуультай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлолоо. Өмнөх жилүүдэд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гол төлөв зургадугаар сарын 29-нд товлож байсан, гурав хоногоор урагшилсан нь юутай холбоотой вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гол төлөв болдог. Сонгуулийн тухай хуулинд 150-иас доошгүй хоногийн өмнө сонгуулийн санал хураалтыг товлон зарлана гэж заасан. Тэрхүү хугацаа нь ирэх пүрэв гаригаар дуусч байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 28, 29-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно гэж заахаар 150 хоног гэдэг хуулиа зөрчих болж байгаа учраас олдсон хугацаа нь л тэр.

-Сонгуулийн нэгдсэн хуульд зөрчилтэй, эргэлзээтэй олон заалт бий гэж та өмнө нь хэлж байсан. Одоо энэ бүхнийг яаж зохицуулах вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулинд засахаас аргагүй зөрчил олон бий гэж өмнө нь би хэлж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар УИХ-д саналаа хүргүүлсэн ч цаг хугацаанд хавчигдаад хуулийн төслийг санаачлагчид нь буцаасан.

Тухайлбал, санал хураалт болохоос 120 хоногийн өмнө хийх ажил гэж байна. Жишээлбэл, сонгуулийн хэсгээ байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтаа гаргах, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Иймэрхүү хугацаатай ажлууд байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хуулиа буцааж, өөрчлөлтүүдийг дараа дараагаар хийхээр болж байна. Түүнчлэн найруулгын чанартай өөрчлөлтүүд нэлээн бий.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Жавхлан өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу, 45 нас өөрчлөгдөх үү?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг 45 болон түүнээс дээш насныхан нэр дэвшинэ хэмээн заасан байдаг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ босгыг барьж байсан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн байна” гэж заасан.

Гуравдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэдэг шаардлага байдаг. Энэ бол Үндсэн хуулийн заалт. Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ. Үүнийг мөн Үндсэн хуульд тодорхой заасан. УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдгийг Улсын дээд шүүх 2006 онд тайлбарласан. Уг тайлбарт “УИХ-д суудал авсан намыг хэлнэ” гэж заасан байгаа. Тийм учраас өөрчлөгдөх зүйл байхгүй.

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа өгөөгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгөх болж байна. Тэгэхээр ямар хуулийн зохицуулалт үйлчилнэ гэсэн үг вэ?

-Сонгуулийн одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд “Гадаадад байгаа эрх бүхий иргэд санал өгөх эрхтэй “ гэж заасан байдаг.  Тийм учраас гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авна. Тэдний саналыг авахын тулд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан комисс байгуулна. Мөн Дипломат төлөөлөгчийн газарт салбар комисс байгуулна. Тогтоолын төслөөр бол зургадугаар сарын 10-11-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

-Нэгдсэн хуулинд хилийн цэргийнхэн санал өгөхөөргүй туссан гэж ярьж байсан. Энэ асуудлыг зохицуулах боломж бий юу?

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн цэргийнхнийг зэвсэгт хүчинд алба хааж байгаа иргэдтэй адилтган авч үзэж сонгуулиа явуулсан. Энэ зохицуулалтаар явна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад зардал хэд гарах вэ?

-УИХ-аас 2017 оны төсвийн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг тэрбумаар бага гэсэн үг.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад 2016 онд болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

1.УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛЖ МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар болж, Монголчууд ирэх 4 жилд парламентад суух төлөөллөө сонгов.

Энэ удаагийн сонгуульд 12 нам, 3 эвслийн 429, мөн  бие даан нэр дэвшигч 69 нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9-ийг Ардчилсан нам, МАХН, бие даагч тус бүр нэг суудал авсан юм. 2012 сонгуулийг пропорциональ, мажоритар холимог системээр явуулж байсан бол 2016 оны сонгуулийг дан мажоритар буюу жижиг 76 тойргоор зохион байгуулав. Мөн өмнөх сонгуулийн ирц 65.2 хувьтай байсан бол энэ удаагийн сонгууль 72.1 хувийн ирцтэй байсан нь санал өгөх иргэдийн идэвх өндөр байгааг харууллаа.

УИХ-ын сонгуулийн үр дүнд олонх болсон МАН УИХ-ын даргаар М.Энхболдыг сонгов. Мөн Засгийн газраа байгуулж, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилов.УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болсон бол Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-нд тус тус болж МАН-ын нэр дэвшигчид ихэнхэд нь ялалт байгуулав.

2.АСЕМ-ЫН УУЛЗАЛТЫН ҮЕЭР  МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙВ

Ази-Европын дээд түвшний /АСЕМ/ 11 дүгээр уулзалт 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор амжилттай болов.

Хоёр өдөр үргэлжилсэн Дээд түвшний уулзалтад Ази, Европын 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож, хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даргалан явуулав.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиосон нь ихээхэн онцлог бөгөөд 1996 онд АСЕМ анх байгуулагдсанаас хойшхи ололт амжилтыг дүгнэн цэгнэж, бүс хоорондын эл үйл явцыг ирэх 10 жилд хэрхэн бэхжүүлэх, хувьсган хөгжүүлэх талаар баримтлах чиг шугамыг тодорхойлж, “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн хоёр чухал баримт бичиг батлан гаргав. Мөн дэлхийн болон өөрсдийн бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцож, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн хүрээнд тулгарч буй өнөөгийн болон шинээр гарч ирж буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн юм.АСЕМ-ын 12 дугаар Дээд түвшний уулзалтыг 2018 онд Европын Холбооны удирдлага дор Бельгийн Брюссель хотноо зохион байгуулахаар тогтов.

3.”ЭРДЭНЭТ“ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ МОНГОЛЫН ӨМЧ БОЛЛОО

ОХУ-ын төрийн өмчийн компанийн мэдлийн 49 хувийг 2016 оны 6 дугаар сард “Монголын зэс” корпораци худалдан авчээ. Монголчууд 2016 онд төр, хувийн хэвшлийн оролцоотой үндэсний  “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь эзэмших боллоо.​

1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн харилцаагаар  солигдоход “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмших болсон.

Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 оны 12-р сарын 14 өдөр нээлтээ хийжээ.

Эх орондоо эргэж ирсэн 49 хувь УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль, улс төрийн хэрүүлээс ангид байсангүй.

4.МОНГОЛ,  ЯПОН УЛСЫН ХУДАЛДААНЫ САЛБАР ШИНЭ ТҮВШИНД ГАРАВ

Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсноор хэлэлцээр хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид холбогдох боломж нээгдэв. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5.700, Японы талаас 9.300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлөх юм. Талуудын бизнес эрхлэгчид гарал үүслийн гэрчилгээ бүхий барааг хөнгөлөлттэй тарифын нөхцлөөр тус тусын зах зээлд нийлүүлж эхлэв.

5. НӨАТ-ЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХЭРЭГЖСНЭЭР  ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ИЛ БОЛОВ

УИХ-ын чуулганаар өнгөрсөн оны долдугаар сард баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.

Уг хуулийг хэрэгжүүлснээр татвараас улсын төсөвт орох орлого нэмэгдэх, иргэдийн оролцоотой далд эдийн засгийг ил болгох чухал ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор хоёр томоохон заалт орсон нь НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаа байв. Өөрөөр хэлбэл иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ын баримтыг www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр жилд нэг удаа төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авах боломж бүрдсэн. Мөн иргэд www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн баримтаараа сар бүр 20 мянга, 100 мянга, 500 мянга болон 4 сая, 20 сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцож байна. Сугалааны Супер азтаны шагнал 50 сая төгрөг бөгөөд тухайн сардаа тодроогүй бол дараагийн удаад 50 сая төгрөгөөр нэмэгдэх зарчмаар явж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 18 удаагийн сугалаа болж  78 мянга 570 азтанд 3 тэрбум 93 сая 280 мянган төгрөг олгожээ.

6.ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАХ УРГАЦ ХУРААВ

Улсын хэмжээнд 2016 онд 475.8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа.

Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах боломжтой.Тодруулбал энэ жил хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээний 54 хувийг хангах боломжтой болов. Өмнө нь  40-50 хувийг хангаж байв. Харин Монголын хөрсөнд ургасан чанартай буудайгаар хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй 30-40 мянган тонн буудай илүү гарсныг дуулгахад таатай байна.

7.”РИО-2016” ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛЧУУД ОДТОЙ БАЙЛАА

Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны олимпийн 31 дэх наадам өнгөрсөн наймдугаар сарын 5-21-ний өдөр Бразил Улсын Рио Де Жанейро хотноо болж манай улсын баг тамирчдаас нэг мөнгө, нэг хүрэл медаль, паралимпийн тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.

Тодруулбал, Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, жүдоч Д.Сумъяа олимпоос 57 кг-д мөнгөн медаль, Олон улсын хэмжээний мастер, Азийн наадмын аварга, боксчин Д.Отгондалай 60 кг-д хүрэл медаль хүртсэн.

Паралимпийн наадмаас жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпэлжээ нар хүрэл медаль хүртэв. Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Олимп, тивийн наадам, дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Засгийн газраас тамирчдад 60-30 сая төгрөг, дасгалжуулагч нарт энэхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гардуулсан юм. Энэ удаагийн олимпийн наадамд анх удаа хамгийн олон  буюу 50 тамирчин оролцсоноороо онцлог байв.

8.ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДЛЫН БАРИЛГА, ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийг 65 тэрбум 600 сая иенийн хөрөнгө оруулалтаар Хөшигийн хөндийд барьж байна.

Төслийг “Мицүбиши Чиёода” түншлэл удирдаж ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллан, бүтээн байгуулалтад Монголын 50 гаруй компани оролцож байгаа билээ. 2016 онд тус төслийн бүтээн байгуулалтын дийлэнх хувийг гүйцэтгэсэн бөгөөд  Японы тал 2017 оны нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгөх юм.

 Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэв. Хоёр жил гаруй хугацаатай зогссон “Оюутолгой” компанийн далд уурхайн үйл ажиллагаа 2016 онд жигдрэв. “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, “Олон улсын санхүүгийн корпораци” зэрэг дэлхийн 15 банк  зээл олгох нөхцөл бүрдсэнээр  “Оюутолгой”-н далд уурхайн барилгын ажил эхлэх боломж бүрдсэн юм.

9. ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН XIV ДАЛАЙ ЛАМ СҮСЭГТЭН ОЛНЫ УРИЛГААР МОРИЛОВ

Дэлхийн буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад  11 дүгээр сарын 18-23-нд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын урилгаар мориллоо. Тэрбээр Монголд 1979 онд анх ирснээс 9 дэх удаагаа ирсэн нь энэ юм.

Түүний айлчлалыг Монголын Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил улс төрөөс ангид, зөвхөн сүсэгтэн олны хүсэлтээр ирсэн хэмээн тодотгосон. Дээрхийн гэгээнтэн айлчлалын хүрээнд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр 9 дүгээр Богдын  дараагийн дүр Монголд мэндэлсэн, нас нь бага учир тодорхой  мэдээлэл өгөх боломжгүй хэмээн дуулгав.

10. МУГЖ Г.АРИУНБААТАРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭЭВ

Дэлхийн хэмжээний дуурийн дуучдын тэмцээн, уралдаанд удаа дараа амжилт гаргаж  Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан МУГЖ дуучин Г.Ариунбаатарт төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээлээ.

Тэрбээр Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын ХҮ дахь уралдаанд 1 байр, Гранпри шагнал, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дулаачдын ХХ1Ү уралдааны 1 дүгээр байр, Шилдэг баритон дуучны шагнал, Муслим Могомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Ш уралдааны 1 дүгээр байрын шагналыг эх орондоо авч ирсэн юм. Чайковскийн нэрэмжит ХҮ дугаар уралдаанд гэхэд л 39 орны 500 гаруй шилдэг дуучин өрсөлдөж  шилдгийн шилдгээр тодорч байв. Г.Ариунбаатар нь Монгол улсын СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Маринскийн театрт урилгаар дуулж байна.

Сайд Ц.Мөнх-Оргил Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын VIII уулзалт 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уг уулзалтанд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй 27 гишүүн орны Элчин сайд, төлөөлөгчид оролцож байна.

mpa-photo-2016-6001

Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзан, Монгол Улсын шинэ Засгийн газрын гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгөхийн сацуу Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Европын Холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хэрэгжилт, гишүүн орнуудаас Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, цаашдын төлвийн талаар санал солилцов.

mpa-photo-2016-5962

mpa-photo-2016-6071

mpa-photo-2016-6094

Уулзалтын хүрээнд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт тус тус бараалхаж, Улаанбаатар дахь Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудтай уулзалт хийнэ.

mpa-photo-2016-5982