“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЛОНДОН ХОТНОО БОЛНО

2005 оноос хилийн чанад дахь Монгол иргэдийн санаачилгаар уламжлал болон зохион байгуулж буй “Монгол орны хөгжилд” чуулганы 13 дахь удаагийн “Монголын боломж” сэдэвт хуралдаан 2017 оны 4 сарын 6-ны Пүрэв гарагт Лондон хотноо Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хурлын танхимд болно.

Чуулганд Монголын Бизнес Мэдээллийн Сангийн шугамаар Улаанбаатараас ирэх Монголын Бизнес группийн төлөөлөгчид “ Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж” салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд  “МЕГА төслүүд” сэдвийн хүрээнд Монголд хэрэгжиж буй, цаашид хэрэгжүүлэхээр мөлөвлөж буй томоохон төслүүдийн талаар судлаачид, медиа салбарын төлөөлөгчид санал бодлоо хэлэлцүүлнэ. Мөн Монголын ардчилалын шинж байдал, Үндсэн хууль хийгээд өдгөө үүссэн нийгэм эдийн засгийн хямралын хамаарлын талаар “Нийгэм Эрх зүйн төлөвшил” нэртэй салбар хуралдаан болно.

 Чуулганд манай иргэд, төлөөлөгчдөөс гадна Монголын нийгэм, эдийн засгийн талаар судалгаа хийдэг ОХУ, Австрали, АНУ-ын судлаачид илтгэл хэлэлуүүлнэ.

Чуулганы үеэр Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийн уулзалт хуралдаан болно.

Чуулганыг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин Сайдын Яам, Британи дахь Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ, Монголын Бизнес Мэдээллийн Сан, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл хамтран зохион байгуулж буй бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк хурлын танхим гарган өгч байгаагаас гадна Швед дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Bloomberg TV Mongolia, Buddha Media Production мэдээллийн хамтрагчаар ажиллаж байна. Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус чуулганы албан ёсны цахим хуудас:  http://md-forum.eu/mon/-аас авч болно.