Монгол хэлээр Монголын мэдээ сувгаар – Азаа студи бэлтгэв.
https://www.facebook.com/watch/?v=2836594886638830
Англи хэлээр MNB сувгаар – Азаа студи бэлтгэв.
https://www.facebook.com/mnbworld/videos/516500060078309/
2022 оны 3 дугаар сарын 12-ноос 21-ний өдрүүдэд Их Британид “Монгол киноны өдрүүд” кино наадмыг Лондон, Кембридж, Норвич хотуудад зохион байгуулж, хот бүрт тус бүр гурван өдөр уран сайхны болон богино хэмжээний 15 киног үзүүллээ. Продюсер Н.Энхбат, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа, Жүжигчин А.Баярцэцэг нар зохион байгуулсан уг кино наадмыг Монгол Улсын Элчин Сайдын Яам, Соёлын Яам, Азаа студи дэмжин ажилласан байна.
Энэхүү наадмын зорилго нь Монголын кино урлагийн сор болсон шилмэл бүтээлүүдийг ИБУИНХУ-д танилцуулан сурталчлах, киногоор дамжуулан Монгол Улсын соёл, өв уламжлал, өнөөгийн залуусын аж амьдралыг ИБУИНХУ-д харуулах мөн хоёр орны кино салбарын шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, уран бүтээлчдийг хооронд нь холбох, тэднийг дэмжих зорилготой байв.
Кино наадамд Олон Улсын кино наадмуудад шалгарч оролцсон Монгол уран бүтээлчдийн уран бүтээл, хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан бүтээл, мөн Их Британи улсад бүтээгдсэн монгол уран бүтээлчдийн бүтээлүүд тус тус багтсан байна. Бүх киног хуулийн хүрээнд, албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлжээ. Үзэгчдийн зүгээс кино наадмыг зохион байгуулагч багт хандан тэдний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн сайхан кинонууд гаргаж байгаад талархаж байгаагаа илэрхийлцгээж байв.
Кино наадмын үеэр эхний хоёр өдөр нь Ихбаяр Урчуудын найруулсан “Уран Хас”, Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь”, С.Бямба найруулагчийн “Хүсэл Шунал”, Н.Уранчимэг найруулагчийн ‘Аргамжаа’, Л.Бат-Амгалан, Иан Аллердайс нарын найруулсан ‘Од ба Гэгээ’, T.Алтантуяа найруулагчийн ‘Хөх Тавилан’ кинонууд гарлаа. Үзэгчид ‘Од ба Гэгээ’ киноны найруулагч Иан Аллердайс болон ‘Хөх Тавилан’ киноны гол дүрийн жүжигчин, мисс А.Баярцэцэгтэй тэдний киног гарсны дараа асуулт хариулт өрнүүлэн ярилцаж, уулзаж зургаа авахуулах сайхан боломж гарсан юм.
Кино наадмын гурав дахь өдөр богино хэмжээний 8 кино гарч үзэгчдэд монгол уран бүтээлчдийн чанар чансааг харууллаа. Үүнд:
Сүүдэр / Shadow Animation
Шилүүс / Mountain Cat
Эрэл / The Search
Бохир Хувцас / Dirty Laundry
Хүйтэн тав тух / Cold Comfort
Улаанбаатаржилт / Ulaanbaatarization
Түлхүүр / Key
Алдагдсан цаг хугацаа / Lost Time
Нүүдэг чулуу зэрэг кинонууд гарлаа.
Кино наадмын дараа 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд яамны байранд ИБУИНХУ-д зохион байгуулагдаж буй Монгол киноны Анхдугаар наадамд зориулсан Хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх Монгол Кино наадмыг зохион байгуулагчид болон УИХ-ын гишүүд, бүтээлч салбарын зочид төлөөлөгчдөд зориулан ёслолын хүлээн авалт хийлээ.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа, жүжигчин А.Баярцэцэг нар удирдан явуулж, Их Британид ажлын айлчлал хийж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Г.Ганбат нар зочноор оролцлоо. Хүрэлцэн ирсэн зочдын дунд Их Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн яам, Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд, Британийн болон олон улсын кино урлагийн салбарын мэргэжилтнүүд, тэр дундаа, кастинг, кино найруулагч, зохиолч, кино наадмын куратор, маркетингийн мэргэжилтнүүд болон бүтээлч салбарын зочид байлаа. Хэлэлцүүлгээр, саяхан батлагдсан Монгол Улсын Кино урлагийг дэмжих хууль болон хоёр орны уран бүтээлчдийн хамтран ажиллах боломж бололцоо, дүрэм журмыг Британийн уран бүтээлчдэд танилцуулсан байна. УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам “Кино урлагийг дэмжих тухай” хуулийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж буй зохион байгуулагчдад баяр хүргэж, Монгол Улсад кино зураг авалт хийх Монгол, гадаадын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Хэлэлцүүлэгт дараах илтгэлүүд тавигдаж, асуулт хариулт өрнүүлэв. Үүнд: Их Британи дахь Монгол кино наадмыг санаачлагч, продюсер Н.Энхбат “Монгол киноны өнгөрсөн ба эдүгээгийн тухай” илтгэлдээ Монголын кино урлагийн түүх, өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Тэрээр Канн, Пусан, Локарно, Берлинале зэрэг олон улсын кино наадмуудад Монголын кино уран бүтээлчдийн гаргасан амжилтыг дурдаж, Монголын бие даасан кино уран бүтээлчдийг Засгийн газраас болон кино урлагийн салбараас хэрхэн дэмжих арга замуудыг санал болгов. Их Британи дахь Монгол кино наадамд “Од ба гэгээ” киногоо толилуулсан Их Британийн продюсер Иан Эллардайс дотоодын кино болон хамтарсан кино бүтээл дээр ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн Монгол дахь хамтарсан кино бүтээлийн талаар илтгэл тавьлаа. Тэрээр зохиол бичих, хөрөнгө босгох, Фокус зэрэг олон улсын продакшны арга хэмжээнд оролцох сонирхолтой санааг санал болгож, ингэснээр Монголын уран бүтээлчид олон улсын зах зээлд танигдах, хамтарсан бүтээл хийхэд нь туслах боломжтойг дурдав.
“Кино урлагийг дэмжих тухай” хуулийн Ажлын хэсэгт ажилласан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус хуульд тусгагдсан гадаад, дотоодын бүтээлчдэд олгох урамшуулалууд, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд зарцуулсан зардлын 30 хувийг буцаан олгох, бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал олгох, гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшууллыг буцаан олгох талаар тайлбарлав. Ийнхүү тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллын хамт нийт 45 хувийн буцаан олголт авч болохыг тайлбарлав.
Хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх Монгол Кино наадмыг зохион байгуулагчид болон УИХ-ын гишүүд, бүтээлч салбарын зочид төлөөлөгчдөд зориулсан ёслолын хүлээн авалт хийлээ. Ийнхүү уг Хэлэлцүүлгээр Их Британи дахь Монгол кино наадам албан ёсоор өндөрлөж, зохион байгуулагчдын зүгээс Элчин сайд Б.Энхсүх, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын ЭСЯ, ГХЯ, Соёлын яамны удирдлагуудад талархал илэрхийлэв. Кино наадмыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлж, дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Г.Дамдинням, тус хорооны гишүүд Ч.Ундрам, Г.Амартүвшин, мөн Кино наадамд уран бүтээлээрээ оролцсон Монгол киноны уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн хамтрагч Азаа студид талархал илэрхийллээ. Зохион байгуулагчид мөн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Британийн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Их Британид Монгол кино наадмыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн тэмдэглэв.
Оролцсон бүтээлүүд:
Уран сайхны кинонууд:
‘Уран Хас’
‘Хийморь’
‘Хүсэл шунал’
‘Аргамжаа’
‘Од ба Гэгээ’,
‘Хөх Тавилан’
Богино хэмжээний кинонууд
Сүүдэр / Shadow animation
Шилүүс / Mountain Cat
Эрэл / The Search
Бохир Хувцас / Dirty Laundry
Хүйтэн тав тух / Cold Comfort
Улаанбаатаржилт / Ulaanbaatarization
Түлхүүр / Key
Алдагдсан цаг хугацаа / Lost Time
Нүүдэг чулуу зэрэг кинонууд гарлаа.
