УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр талын уулзалтууд хийлээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганы үеэр  нэгдсэн хэлэлцүүлэг, хурлуудад оролцохын зэрэгцээ гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Британийн парламентын Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын парламентын харилцааг бэхжүүлэхэд харилцан айлчлал чухал ач холбогдолтой бөгөөд тэдгээр нь зөвхөн институц хооронд төдийгүй парламентын гишүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэв.

Британийн Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер “Британийн парламентын гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Британийн парламент Монголын талаас дэвшүүлсэн аливаа саналыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

УИХ-ын вэб хуудаснаас авав