“КОВИД-19”-ИЙН УЛМААС ГАДААД УЛСААС МОНГОЛ УЛСАД ИРЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 69 дүгээр тушаалаар баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу гадаад улсаас ирж буй хүмүүст тавигдах зарим нэмэлт зохицуулалтын талаар мэдэгдэж байна. Үүнд:

  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве болон Нигери Улсад (цаашид “Улаан жагсаалт” гэх) сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсад хүлээн авахгүй.
  • “Улаан жагсаалт”-д бүртгэгдсэн улсаас ирж буй Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын 4 болон 8 дахь өдөр “PCR” шинжилгээ авна. Шинжилгээгээр коронавируст халдвар (Ковид-19) батлагдсан тохиолдолд эмнэлэгт шилжүүлж, тусгаарлан эмчилнэ.
  • Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигчид хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор “PCR” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсвэл дээрх хугацаанд өгсөн “PCR” шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн эдгэрсэн болохоо нотлох шаардлагатай. Энэхүү шаардлагыг зөрчсөнөөр үүсэх аливаа эрсдэл, зардал, хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж байгууллага, зорчигч, түүнийг уригч байгууллага бүрэн хариуцна.
  • Монгол Улс руу зорчих Монгол Улсын болон гадаадын иргэдээс коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй бөгөөд “Улаан жагсаалт”-д бүртгэгдсэн улсаас бусад гадаадын улсаас ирж буй зорчигчдыг тусгаарлалт болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.
  • Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор“орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-4 наснаас бусад бүх зорчигчдоос хилийн боомтын нэвтрэх цэгт түргэвчилсэн болон “PCR” шинжилгээ авна.
  • Хилийн боомтын нэвтрэх цэгт түргэвчилсэн шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд “PCR” шинжилгээний хариу гартал Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлана. “PCR” шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлөх бөгөөд харин шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлнэ.
  • SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбараар (тухайлбал, Омикрон) өвчилсөн хүнтэй ойрын хавьтал гэж тогтоогдсон хүнийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлана.
  • “Улаан жагсаалт”-д бүртгэгдсэн улсад зорчсон болон дамжин өнгөрсөн гадаадын улсаас ирж буй тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг хил нэвтрүүлэх асуудлаар Гадаад харилцааны яаманд урьдчилан мэдэгдэнэ.

Монгол Улс руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон “Улаан жагсаалт” болон бусад холбогдох мэдээллийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудас (www.moh.gov.mn)-ны “Travel info” цэс болон Гадаад харилцааны яамны www.consul.mn цахим хуудасны “Covid-19” цэснээс авах боломжтой.

Хязгаарлалт тогтоосон улсаас ирэх Монгол Улсын иргэд тусгаарлан ажиглах байрны төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр овог, нэр, регистерийн дугаарыг бичнэ.

  • Тусгаарлан ажиглах байрны төлбөр: 0-3 насны хүүхэд үнэгүй, 4-12 насны хүүхэд хоногийн 50,000 төгрөг, 13-аас дээш насны иргэд хоногийн 100,000 төгрөг.
  • Тээвэрлэлтийн төлбөр: 0-5 насны хүүхэд үнэгүй, 6-12 насны хүүхэд 10,000 төгрөг, 13-аас дээш насны иргэд 20,000 төгрөг.