БРИТАНИ БОЛОН ИРЛАНДААС ЭНЭ ОНЫ 4 ДҮГЭЭР САРД НУТАГ БУЦАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбогдуулан 4 дүгээр сард Сөүлээс бусад чиглэлийн нислэгээр зорчих иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдаж авах энгийн горимд шилжсэн тухай ГХЯ-наас мэдээлээд байгаа билээ.

Иймд, энэ оны 4 дүгээр сарын 15, 29-ний өдрүүдэд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгүүдээр эх орондоо буцах иргэд дараах мэдээлэлтэй танилцана уу.

(1) БИЛЕТ ЗАХИАЛГА

“МИАТ” ТӨХК-ийн Берлин дэх төлөөлөгчийн газар
Утас: +49 176 27856296
Имэйл: berlin@miat.com

“МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь билетийн касс
Утас: +976 11 322118
Имэйл: ttt2@miat.com

(2) ТУСГААРЛАХ БАЙР

2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх, дархлаажуулалтад хамрагдаагүй буюу бүрэн тун аваагүй иргэдийг 10 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын 2 болон 8 дахь өдөр Ковид-19-ийн PCR шинжилгээ авна. Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа 4 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Дархлаажуулалтад хамрагдаж, бүрэн тун авснаа нотлох баримт бичиг бүхий иргэнийг тусгаарлахгүй бөгөөд 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгана.

Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, автобусны зардал 18-аас дээш насны иргэд 510,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд 310,000 төгрөгийг “Онцгой байдлын ерөнхий газар”-ын Хаан банкны 5084538375 тоот дансанд урьдчилан шилжүүлсэн байна. Төлбөрийг хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр зэргийг тодорхой оруулж бичих шаардлагатай. Таны нислэгийн тийз тусгаарлах байрны төлбөр төлсний дараа баталгаажих болохыг анхаарна уу.

Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны нэгдсэн мэдээлэл авахад зориулж “www.tabinfo.mn” вэбсайтыг нээн ажиллуулж эхлээд байна. Иргэн Та энэхүү вэбсайтаар нэвтрэн үндсэн хуваарьт тусгаарлан ажиглах зочид буудал болон нэмэлт төлбөрөөр сонголт хийх боломжтой зочид буудлуудын талаар мэдээлэл авч, захиалга өгөх боломжтой юм.

(3) ТРАНЗИТ БИЛЕТИЙН ЗАХИАЛГА

Манай улсын иргэдийг Франкфуртын нисэх буудлаар транзит визгүйгээр дамжин өнгөрөх хугацаа 24 цагийн дотор байх шаардлагыг германы талаас тавьж байгаа болно. Мөн “МИАТ” ТӨХК нь “Lufthansa” авиакомпанитай гэрээтэй ажилладаг учраас иргэдийг Франкфурт хүрэхдээ тус авиакомпанийн шууд нислэгийг сонгон захиалахыг зөвлөөд байгаа болно. Та нисэх онгоцны буудал дээр бүртгэлээ хийлгэхдээ ачаагаа Улаанбаатарт авахаар бичүүлэх шаардлагатайг анхаарна уу.

(4) PCR ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлагатай. Коронавирусний шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

2021.03.25