СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Энэ сарын эхээр Бүгд Найрамдах Франц Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад болсон террорист халдлагын улмаас олон хүний амь эрсэдсэн билээ. Энэ нь Европт террорист үйл ажиллагаа идэвхжиж байгааг илтгэлээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын энэ үед ISIS буюу ДАЕШ зэрэг террорист бүлэглэл, этгээдийн зүгээс террорист халдлага, хүчирхийлэл шууд үйлдэх явдал хэдийгээр цөөрсөн ч тэдний зүгээс олон нийтэд радикал, экстремист үзэл суртлыг сурталчлах, нийгэмд худал мэдээлэл тараах, аливаа тэмцэлд өдөөн турхирах зэрэг үйл ажиллагааг түлхүү явуулах болж, хэт радикал үзэлд автсан иргэд тээврийн хэрэгсэл, галт болон хүйтэн зэвсэг ашиглаж халдлага, хүчирхийлэл үйлдэх арга хэлбэрт шилжиж байна.

Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулж Британи болон Европын Холбооны улс орнууд терроризмын аюулын түвшинг нэмэгдүүлж, терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж, хяналт шалгалтын дэглэмийг сайжруулан ажиллаж байна.

Иймд Британи болон Ирландад оршин суугаа Иргэн та хүн олноор цугласан болон жагсаал, цуглаан хийж буй газруудаар явахгүй байж, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарч, аливаа эрсдэл, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөе.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ