БРИТАНИ БОЛОН ИРЛАНД ДАХЬ МОНГОЛЧУУД ЦАР ТАХЛЫН УЛМААС ХҮНД БАЙДАЛД ОРСОН НЭГЭНДЭЭ ТУСЛАХ ТУСЛАМЖИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Дэлхийг хамарсан цар тахал “COVID-19”-өөс шалтгаалан олон иргэд ажил, орлогогүй болж, хилийн чанадад түр хугацаагаар зорчихоор ирсэн Монголчууд хүнд байдалд ороод байгаа билээ.

Лондон хотноо оршин суугаа Ганзориг, Одонзул нар Лондон дахь хөл хөдөлгөөний хязгаарлалтын улмаас хүнд байдалд байгаа Монголчууддаа туслах аяныг эхлүүлж, одоогоор 50 гаруй айлын 100-аад хүнд тусламж үзүүлээд байна.

Хандивын аяныг Манчестер хотноо оршин суугаа Ганзул, Шинэбаяр, Ганболд нар дэмжин өөрсдийн оршин суугаа хот болон ойр орчмын тусламж хэрэгтэй байгаа айл өрх, оюутнуудад тусламж үзүүлж байна.

Британи дахь Монголчуудын холбоо болон иргэдийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжин хандив өргөж байгаа юм байна. Лондон, Манчестер хотуудад одоогоор нийтдээ 5000 орчим фунт стерлингийн тусламжийн сан бүрдээд байгаагаас 2000 гаруй фунт стерлингийг хүнс, амны хаалт, гар ариутгагч болон бусад ахуйн хэрэглээний зүйл аван тараах хэлбэрээр зарцуулаад байгаа ажээ.

Мөн Ирланд дахь Монголчууд маань цар тахлын улмаас хоол хүнсээ авч чадахгүй байгаа оюутнуудад тусламж үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4000 гаруй еврогийн туслалцааг оюутнуудад үзүүлээд байгаа ажээ.

Ийнхүү Британи болон Ирландад оршин суугаа монгол иргэд маань “COVID-19” цар тахлын улмаас ажил, орлогогүй болсон, хилийн чанадад түр хугацаагаар зорчихоор ирсэн ч нутаг буцаж чадахгүй байгаа Монголчуудад туслах аяныг сайн дураараа зохион байгуулж байгааг иргэд талархан хүлээн авч байна.