НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комисс ирэх 6 дугаар сард нийт 8 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улсад саатаад буй нутаг буцах хүсэлтэй 2000 орчим Монгол Улсын иргэдийг татан авах төлөвлөгөөг гаргаад байна.

Эдгээрээс энэ оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Франкфурт-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт ИБУИНХУ, Бүгд Найрамдах Ирланд Улсад байгаа иргэдийг хамруулах боломжтой болоод байна.

УОК-ын дээрх шийдвэр нь зөвхөн нислэгүүдийн товтой холбоотой бөгөөд одоогоор нислэг бүрийн талаар нарийвчилсан мэдээлэл тодорхой бус байгааг анхаарна уу.

Тус ЭСЯ өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлттэй иргэдийнхээ мэдээллийг бүртгэн авч, хүндэтгэн үзэх шалтгаан бүрээр ангилан УОК-т тухай бүр хүргүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар ИБУИНХУ-д 322, Бүгд Найрамдах Ирланд Улсад 85 хүн нутаг буцахаар хүсэлтээ илэрхийлээд байна.

Нутаг буцах хүсэлтээ өгч, баталгаажуулалт авсан иргэдийн хувьд дахин имэйл ирүүлэх шаардлагагүй хэдий ч нэмэлт нөхцөл байдал илэрсэн эсвэл хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотолгоо бүхий баримт бичгийг өргөдлийн хамтаар илгээх шаардлагатай гэж үзвэл эдгээрээ бидэнд ирүүлнэ үү.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах зорчигчдын нэрсийг өмнөх жишгээрээ УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж буй ажлын хэсэг ЭСЯ-наас хүргүүлсэн нэгдсэн жагсаалт болон иргэдийн өргөдөл, нотлох баримтыг нягтлан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ. Шуурхай штаб нь зорчигчдын нэрсийг сонгон шалгаруулсны дараа тус ЭСЯ-нд мэдэгдэх болно. Үүний дараа ЭСЯ-наас нислэгт хамрагдахаар нэрс нь баталгаажсан иргэн бүртэй тухай бүр холбоо барьж, дараагийн шатны зааварчилгааг өгөөд явах юм.

Гадаадад саатаад байгаа иргэдийн нөхцөл байдал өмнөхөөсөө хүндэрч байгаа учраас энэ удаагийн тусгай үүргийн нислэгт УОК-оос тавьж ирсэн удаах 5 хүндэтгэн үзэх шалгуур үзүүлэлтээс гадна бусад зайлшгүй харгалзан үзэх шалтгаантай иргэд, оюутнуудаа багтаахаар ажиллаж байна.

Европын улс орнуудаас нийт 2382 хүн энэхүү тусгай үүргийн нислэгт багтахаар нэрсээ өгсөн байгаа ба УОК-ын Шуурхай штаб онгоцонд багтах зорчигчдын нэрсийг эцэслэх хүндхэн шийдвэртэй тулах учраас та бүгдийг ойлгож хандана гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ Та бүртгүүлж амжаагүй бол дараах асуулгыг бөглөн тус ЭСЯ-ны secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягт илгээнэ үү. (Зааврын дагуу бүрэн гүйцэд бөглөж ирүүлэхийг анхаарна уу)

1. Эцэг (эх)-ийн нэр (Монгол үсгээр бичнэ үү)
2. Өөрийн нэр (Монгол үсгээр бичнэ үү)
3. Регистрийн дугаар (Дугаарын эхний 2 үсгийг монгол үсгээр бичнэ үү)
4. Монгол Улсын Үндэсний гадаад паспортын дугаар оруулна уу (Жишээ: Е1234567)
5. Байнгын ажиллагаатай холбоо барих утасны дугаар
6. Байнгын ажиллагаатай холбоо барих имэйл хаяг
7. Оршин суугаа хот (Латин үсгээр бичнэ үү)
8. Монголд холбоо барих хүний нэр, утасны дугаар
9. Буцах нислэгийн маршрут, огноо (Хэрвээ захиалга хийсэн бөгөөд хүчинтэй хэвээрээ байгаа тохиолдолд)
10. Визийн ангилал, дуусах хугацаа
11. Түр ирсэн эсвэл байнгын оршин суугч эсэх
12. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх

A. Эрүүл мэндийн шалтгаантай – Эмчийн бичиг, эмнэлгийн магадалгааг хавсралтаар ирүүлнэ үү
B. Бага насны хүүхэдтэй гэр бүл (0-16 насны хүүхэдтэй) – Паспортын нүүр хуудасны зургийг хавсралтаар ирүүлнэ үү
C. Ахмад настан (60-аас дээш настай) – Паспортын нүүр хуудасны зургийг хавсралтаар ирүүлнэ үү
D. Жирэмсэн – Жирэмсний хугацааг бичиж, нотолгоог хавсралтаар ирүүлнэ үү
E. Хөгжлийн бэрхшээлтэй – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү
F. Богино хугацааны визтэй – Визийн ангилал, дуусах хугацааг бичиж, визийн хуудасны зургийг хавсралтаар ирүүлнэ үү
G. Байрлах газаргүй – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү
H. Оюутан – Сургуулийн нэр болон хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторантур эсэхийг тодорхойлох
I. Санхүүгийн боломжгүй болсон – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү
J. Насанд хүрээгүй хүүхэд (Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 16-18 насны хүүхэд) – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоог хавсралтаар ирүүлнэ үү
K. Бусад – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

No photo description available.