АНГЛИД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Англид тогтоосон хөл хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах тухай Британийн Засгийн газрын “нөхцөлт төлөвлөгөө” өнөөдөр (2020.05.13)-өөс хэрэгжиж эхэллээ. Уг төлөвлөгөөг дараах 3 үе шатлалаар хэрэгжүүлэх юм.

1 ДҮГЭЭР ҮЕ (5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРӨӨС)

– Гэрээсээ ажиллах боломжгүй байсан зарим салбарын ажилчин, алба хаагчид ажилдаа явах боломжтой болов. Үүнд хүнсний үйлдвэрлэл, барилга, үйлдвэр, ложистик болон лабораторид хийгддэг шинжлэх ухааны судалгааны зэрэг биечлэн гүйцэтгэхээс өөр боломжгүй салбарын ажилтнууд хамрагдах юм. Тэднийг нийтийн тээвэр аль болох ашиглахгүй байх, ашиглах тохиолдолд амны хаалт хэрэглэхийг зөвлөж буй.

– Гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд биеийн тамираар хичээллэх, салхилах зэрэг хөдөлгөөнд цаг хугацаа, давтамжийн хязгааргүй боллоо. Мөн нэг гэр бүлийн гишүүд цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд хамтдаа спортын боломжит төрлүүдээр хичээллэх, цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжийг нээгдэв.

– Өөрийн амьдарч буй орчноосоо өөр газар, хот руу хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих боломжийг нээв. Гэхдээ Британийн хэмжээнд КОВИД-19-ийн халдварын тархалт харилцан адилгүй байгаа тул Шотланд, Уэйлс, Умард Ирланд руу зорчих бол тухайн улсад хэрэгжиж буй хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хүндэтгэх шаардлагатай.

2 ДУГААР ҮЕ (6 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС)

– Бага сургуулийн бэлтгэл анги болон 1, 6 дугаар ангийн сурагчдын хичээлийг эхлүүлнэ.

– “КОВИД-19-ийн халдвараас хамгаалсан байх” тухай Засгийн газрын удирдамжийг мөрдөх боломжтой худалдааны байгууллагуудыг нээнэ. Нээгдэх худалдааны байгууллагын төрөл болон хугацаатай холбоотой тодорхой мэдээллийг Засгийн газраас тухайн үед нь өгнө.

– Спортын болон соёлын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрнө.

– Халдвар тархах эрсдэлийг боломжит бүх арга замаар хязгаарласны үндсэн дээр хот, суурин газруудын нийтийн тээврийн зарим шугамыг нээнэ.

3 ДУГААР ҮЕ (7 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРӨӨС)

Энэ үе шатанд үсчин, гоо сайхны газар, зоогийн газар, паб, зочид буудал, кино театр, сүм мөргөлийн газар зэрэг аль болох олон төрлийн үйлчилгээний болон олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг нээхийг зорино. Гагцхүү тухайн үед дотоодод дараах нөхцөл хангагдсан байх шаардлагатай юм.

– Эрүүл мэндийн салбар ачаалал даах чадамжтай байх;

– КОВИД-19-ийн улмаас өдөрт нас барах хүний тоо буурсаар байх;

– Халдварын тархалт буурч, хяналтад байлгах боломжтой хэмжээнд хүрсэн байх;

– Оношлуур болон хувийн аюулгүй байдлын хэрэгслийн нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн байх;

– Халдварын хоёр дахь давлагаанд өртөхгүй нөхцөл бүрдсэн байх зэрэг болно.

Жич: 1. “Нөхцөлт төлөвлөгөө” гэдгийг КОВИД-19-ийн халдварын дамжиж буй хэмжигдэхүүн (RO буюу Reproductive value) бүхэл 1-ээс бага ёстой ба Британи дахь халдварын үзүүлэлтүүд эерэг хандлагатай байх үед хэрэгжинэ гэж ойлгоно. Сүүлийн үеийн байдлаар Британи дахь RO 0.5-0.9 байгаа болно.

2. Шотланд, Уэйлс болон Умард Ирландад тогтоосон хязгаарлалтын талаар тухайн нутгийн засаг захиргаа шийдвэр гаргана.

Англид хөл хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн талбай, тээврийн хэрэгслээр зорчих хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж буй тул иргэн Та амны хаалт ашиглаж хэвшинэ үү.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.05.13