ИРЛАНДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ирландын Засгийн газраас одоогийн мөрдөж буй хөл хөдөлгөөний хязгаарлалтыг дараах 5 үе шаттайгаар сулруулахаар шийдвэрлэснийг та бүхэнд мэдээлж байна. Үүнд:

Нэгдүгээр үе шат /2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжинэ/:

– Иргэд аль болох гэртээ байх. Шаардлагатай тохиолдолд гадуур 2 метрийн зай барин хүмүүстэй уулзаж болох ч 4-с илүү тооны хүн нэг дор цугларахгүй байх.
– Сургууль, цэцэрлэгийн орчинд зөвхөн багш нар цахимаар хичээл заах шаардлагаар нэвтрэх.
– Барилгачид, цэцэрлэгчид гэх мэт гадаа ажиллах иргэд шаардлагатай тохиолдолд ажлаа эхэлж болох.
– Гольф, ууланд алхалт зэрэг иргэдийн гадаа орчинд биеийн тамир хийх олон нийтийн зарим газар нээгдэнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
– Олон нийтийн аль аль газарт заавал маск зүүх ёстой талаар нэгдүгээр шат эхлэхээс өмнө дахин мэдээлэх юм байна.

Хоёрдугаар үе шат /2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хэрэгжинэ/:

– Иргэд аль болох гэртээ байх хэвээр. Гэрээсээ ажиллах боломжтой бол үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах. Шаардлагатай тохиолдолд гэрээсээ 20 километрийн радиус дотор гарч явж болно.
– Зай барих дэглэмээ баримтлан гэртээ 4-с илүүгүй тооны зочин хүлээн авч болно.
– Жижиглэн худалдааны дэлгүүрүүд зай барих дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа нээж болно. Гэхдээ дэлгүүрийн худалдагчид заавал маск зүүх ёстой.
– Номын сангууд зай барих дэглэм баримтлан тусгай хуваарийн дагуу ажиллаж болно.
– Зай барих дэглэмийн хүрээнд хэсэг бүлгээрээ дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх ч ямарваа нэгэн тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглоно.

Гуравдугаар үе шат /2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжинэ/:

– Иргэд аль болох гэртээ байх хэвээр. Гэрээсээ ажиллах боломжтой бол үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах. Шаардлагатай тохиолдолд гэрээсээ 20 км радиус дотор гарч явж болох хэвээр.
– Зай барих дэглэмийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын хүүхдүүдийн цэцэрлэг, хүүхэд асрах төвийн үйл ажиллалагаа үйл ажиллагаа нээгдэнэ.
– Хүүхдийн тоглоомын талбай нээгдэнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
– Олон нийттэй харилцаанд ороод байдаггүй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нээж болно.
– Эмнэлэг, шорон зэрэг газруудад эргэлт оруулна. Гэхдээ эргэлтээр ирэх иргэдээс өөрийгөө хамгаалах эрүүл ахуйн бүрэн хэрэгсэлтэй байхыг шаардана.
– Бэлэн бүтээгдэхүүн бус, шинээр хоол бэлтгэдэг хоолны газрууд үйл ажиллагаагаа нээж болно. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.

Дөрөвдүгээр үе шат /2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжинэ/:

– Иргэдийн хөдөлгөөнийг гэрээсээ 20 километр радиус дотор гэж хязгаарлахгүй. Мөн бие биенийдээ зочлох хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
– Музей зэрэг соёлын үйл ажиллагаа эрхэлдэг газруудыг нээнэ.
– Нийтийн усан сангийн үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
– Зай барих дэглэмийн хүрээнд спортын зарим багуудын үйл ажиллагааг сэргээнэ.
– Зочид буудлуудын үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ зай барих дэглэм хэвээр үйлчилнэ. Харин зочид буудлуудын баарыг нээхгүй.

Тавдугаар үе шат /2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжинэ/:

– Бүх төрлийн ажлын байрны үйл ажиллагааг сэргээнэ. Гэхдээ зай барих дэглэм баримтлах боломжгүй, өндөр эрсдэлтэй ажлын байрны хувьд тусгай хуваарь, хөтөлбөр боловсруулсан байх шаардлагатай.
– Бүх шатны сургуулиудын 2020–2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг эхэлнэ.
– Театр зэрэг нийтийн үзвэрийн газруудыг нээнэ. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
– Бокс гэх мэт биед хүрэлцдэг спортын үйл ажиллагааг нээнэ.
– Спорт заал болон бүжгийн клубуудын үйл ажиллагааг нээж болно. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.
– Баар, клубуудын үйл ажиллагааг нээж болно. Гэхдээ ариун цэвэр, зай барих дэглэмийг чанд баримтална.

Ирландад шинэ төрлийн коронавирусын халдварын дэгдэлт хөл хөдөлгөөний хязгаарлалт тогтоосноор сүүлийн үед хэдийгээр буурах хандлагатай байгаа ч Ирландад оршин суугаа монгол иргэд та бүхэн анхаарлаа сулруулалгүй, олон нийтийн газраар аль болох явахгүй, хувийн ариун цэвэр, хамгаалалтаа үргэлжлүүлэн хангаж байхыг хүсье.

Лондон дахь ЭСЯ