2020 ОНЫ 2 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомт (агаарын замын, төмөр  замын, автозамын)-оор гадаад улсын иргэдийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарлах,
  • Монгол Улсын иргэдийг 2 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Ховд аймагт байрладаг Монгол, Хятадын Булган-Такашикен, Дорноговь аймагт байрладаг Замын-Үүд –Эрээн, Дорнод аймагт байрладаг Баянхошуу-Өвдөг автозамын боомтоор, 2 дугаар сарын 6-наас 3 дугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн агаарын замын Буянт-Ухаа боомт (Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал) болон төмөр замын Замын-Үүд-Эрээн боомтоор оруулах,
  • Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг агаарын замын Буянт-Ухаа боомт (Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал) болон төмөр замын Замын-Үүд-Эрээн боомтоор хил нэвтрүүлэх,
  • Монгол Улсын иргэдийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ руу зорчихыг хориглох,
  • Монгол, Хятадын хилийн Булган-Такашикен, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд- Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа тээврийн машин, тэдгээрийн жолооч нарт хязгаарлалт хийхгүй байх,
  • Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй байх, зэрэг болно.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гадаадын иргэдэд виз олгох үйл ажиллагааг дээр дурдсан хугацаанд тодорхой хэмжээгээр хязгаарлана.

Дээрх хүчин зүйлсээс шалтгаалж Элчин сайдын яам яаралтай визийн мэдүүлгийг хүлээж авахгүй ба зөвхөн ажлын 5 хоногт багтах энгийн үйлчилгээг хүргэж ажиллах болно.