БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Лондон хотноо 2019 оны 1 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад нийт 95 орны 1263 төлөөлөгч оролцож, Бид юуг мэдснээр юуг бүтээж болох вэ: Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хэлэлцүүлэгт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн боловсролын сайд нар өөрийн орны боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, багшийн арга зүйг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, ололт, амжилтаасаа хуваалцахаас гадна томоохон их, дээд сургуулиудын багш, судлаачид дэлхийн боловсролын чиг хандлагын талаарх судалгааг танилцууллаа. Технологийн эрин зуунд амьдарч буй ирээдүйн иргэдэд боловсролыг үр өгөөжтэй, зөв арга барилаар олгохын тулд дижитал технологи, интернэтийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөр, боловсролын загвар боловсруулах шаардлагатай байгааг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

 

Чуулга уулзалтын үеэр сайд Ц.Цогзолмаа ИБУИНХУ, Украйн, Энэтхэг, Болгар зэрэг орны Боловсролын сайд нартай уулзалт хийж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.