“CAMBRIDGE MONGOLIA SEMINAR” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Cambridge Mongolia Seminar”-ыг Кэмбриджийн их сургууль дээр амжилттай зохион байгуулав. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга семинарыг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол–Британийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж буй энэ үед хоёр орны эрдэмтэн мэргэд санал солилцдог талбар зайлшгүй байх хэрэгтэйг тэмдэглэж, цаашид тус семинарыг тогтмол зохион байгуулахын чухлыг онцоллоо.

Тус семинарт Кэролайн Хэмпри, Сью Бөрн, Алан Сандерс зэрэг британийн ахмад монгол судлаачид оролцсоноос гадна Сергей Радченко, Хильдигард Диэмбергер, Ребекка Эмпсон зэрэг шинэ үеийн монгол судлаачид “Гуравдагч хөршийн бодлого”, “Монгол–Төвөдийн харилцаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн МУИС-ын багш С.Одончимэг, МУИС-ын ХЗДС-ийн багш Б.Амарсанаа, Лондон Саутбанк их сургуулийн багш М.Саранзаяа нар өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн байдал, засаглалын хямралын асуудлыг хөндсөн “Хууль тогтоомж ба Монголын төрийн болон хувийн хэвшилт компаниудын засаглал”, “Монголын Засгийн газарт хүргэх хөрөнгө оруулагчдын захидал” зэрэг сэдвээр илтгэл тавьсан.

Европ дахь ууган Монгол судлалын төвүүдийн нэг болох Кэмбриджийн их сургууль дээр ийнхүү монгол судлаачид санал бодлоо чөлөөтэй солилцож, өөр өөрсдийн судалгаа, шинжилгээний баримт материалаа танилцуулсан нь хилийн чанад дахь монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн бүтээлийг нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн чухал арга хэмжээ боллоо.

 

Cam-1
Cam