ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР, БРИТАНИЙН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН САЙД ГРЭЭМ СТЮАРТТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн Олон улсын худалдааны яамны Хөрөнгө оруулалтын асуулал эрхэлсэн Төрийн сайд Грэм Стюарттай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын уулзалт хийв. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, Британийн хөрөнгө оруулалт, ноу хау, өндөр технологийг Монголд нэвтрүүлэхийн чухлыг онцлоод, Британи нь Европын холбооноос гарсны дараа ч Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаалийн татваргүй нэвтрүүлж буй одоогийн Европын холбооны GSP+ зохицуулалтыг хэвээр хадгалан үргэлжлүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэв.

Түүнчлэн, сайд Д.Цогтбаатар хоёр улсын бизнес эрхлэгчдийн түншлэлийг дэмжих зорилгоор ирэх онд Лондон хотноо бизнес форум зохион байгуулах саналыг дэвшүүлэв.

Британийн Олон улсын худалдааны яамны Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Төрийн сайд Грэм Стюарт, сайд Д.Цогтбаатарын дэвшүүлсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас 200 сая фунт стерлингийн санхүүжилтийг улсын болон хувийн хэвшлийн Монголын аж ахуй нэгжүүдэд үндэсний мөнгөн тэмдэгтээр олгох боломжтой гэдгийг дахин нотлов.