МОНГОЛЫН ЦИРКИЙГ БРИТАНИД ТАНИУЛСАН АЧТАН

             Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга циркийн урлагийн ахмад зүтгэлтэн Долгорсүрэнгийн Сүхбаатарыг Монгол Улсын төрийн дээд шагнал, “ Алтан гадас “ одонгоор шагнасныг ЭСЯ-нд гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Д.Сүхбаатар 4 дүгээр ангийн сурагч байхдаа Улсын Циркэд жүжигчнээр анх элсэн орж Монголын циркийн алтан үеийн багш, жүжигчид – Т.Цэнд-Аюуш, Г.Мажигсүрэн, Ц.Намхай, А.Дорж, Ж.Жигмэддорж нарын хамт шидэх тэнцүүр, тэмээтэй акробат, агаарын гимнастик зэрэг алдарт үзүүлбэрүүдийг анх удаа хуучин циркийн тайзнаа бүтээж олон түмний хүртээл болгож байжээ.  Д.Сүхбаатар Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 оноос “Тэмүүжин” үсрэлт шидэлттэй акробатын 3 групп байгуулан дэлхийн олон оронд Монголын циркийн урлагийг сурталчлан гэрээт тоглолтын анхны эх суурийг тавьсан бөгөөд түүний шавь нар Өмнөд Африк, Бразил, Европын улс орнуудаар амжилттай айлчлан тоглосны зэрэгцээ олон улсын циркийн олимп болох Монте Карлогийн тэмцээнээс тусгай шагнал, Парисын залуу циркчдийн тэмцээнээс мөнгөн медаль, Италийн “ Алтан цирк” тэмцээнээс алтан медаль хүртсэн нь монголын циркийн урлагын түүхэнд тодоор бичигдэж үлджээ.

               Д.Сүхбаатар циркийн жүжигчин, туслах ажилтан, сургуультай мал маллагч зэрэг  нийт 60 гаруй хүнийг Британид албан ёсоор авчирч тэднийг дунд болон урт хугацааны циркийн гэрээгээр ажиллуулсан бөгөөд тэдний зарим нь одоо ч гадаадын циркүүдэд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Д.Сүхбаатар Английн “Зиппо” циркэд монгол циркчдээ  хариуцан ажиллахын зэрэгцээ циркийн нийтлэг үйлчилгээ, техник ажлыг үргэлжлүүлэн хариуцсаар байгаа бөгөөд түүндээ Британид амьдарч байгаа бусад монгол иргэдээ хамруулан цалин орлого олох боломжоор хангаж байна.

Ахмад циркчин Д.Сүхбаатартаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

                                                                                                      Элчин сайдын Яам