ЛОНДОН НААДАМ-2018

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа Британи дахь Монголчууд 2018 оны 7-р сарын 8-ны өдөр Лондон хотноо тэмдэглэж, бөх хүчтэй, морь хурдан, сур мэргэн, наадамчин олон нь налгар тайван сайхан наадлаа.

Баяр наадмыг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Б.Одонжил үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр баяр наадмын ажиллагаа эхлэв. Наадмын урлагийн тоглолтод бүжигчин Б.Дашмаа, дуучин, хөгжимчин н.Сэндэнсүрэн, концерт мастер, дуучин хөгжимчин н.Тэгшбаяр нар болон “Nomadic Tunes” хамтлагийнхан оролцож, ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Ноттингхам хотын Монгол сургуулийн хүүхдүүд үндэсний язгуур урлагын хөтөлбөртэй оролцсон бол морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнийн шавь нар морин хуурын гурвал тоглож, Лондон хот дахь Монголчуудын сургалтын төвийн сурагчид ая дууны мэндчилгээ өргөв.

Энэ жилийн баяр наадамд уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан насанд хүрэгсэд, хүүхдийн ангилалаар зохион байгуулагдаж, сур, шагайн харваа, хүүхдийн уралдаанууд тус тус зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ Лондонгийн наадамд 11 дэх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Лондонгийн заан Ц.Батбаяр 3 дахь удаагаа үзүүрлэж, Булган аймгийн харьяат Д.Очирбат, Архангай аймгийн Булган сумын харьяат Б.Мөнхтулга нар шөвгийн дөрөвт шалгаран үлдэв. Хүүхдийн барилдааны 7-10 насны ангилалд Төгөлдөр 2 дахь жилээ түрүүлж, Очир үзүүрлэн Давид, Одсэр нар шөвгийн дөрөвт шалгарлаа. Харин 11-13 насны ангилалд Эрхэмбилэг түрүүлж Ананд үзүүрлэн Ханбилгүүн шөвгөрөв.

Сурын харвааны тэмцээнд 12 харваачид хурц мэргэнээ сорьсноос Мэргэн Харваач цолыг Маналжавын Мөнхзоригт (Ирланд Наадам 2018-ын Үндэсний Сур Харваанд мөн түрүүлсэн), дэд байранд Ч.Отгонзул, 3-р байранд Б.Баагий нар тус тус шалгарав.

Гэрэл зураг: GstudioMN