ИРЛАНД ДАХЬ МОНГОЛЧУУД НААДМАА ХИЙЛЭЭ

Ирландад ажиллаж, суралцаж буй Монголчууд Үндэснийхээ баяр наадмыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дублин хотноо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.

Эх орон, элгэн саднаасаа хол байгаа Ирландын Монголчууд өөрсдийн наадмыг үндэсний уламжлал, зан заншлын үргэлжлэл болгон тэмдэглэснээс гадна Монгол ургийнхны баяр болгон хамтдаа нэгэн өдрийг дуу хуур, урлаг спортын арга хэмжээгээр баяжуулан цэнгэлдэв.

Наадамчин олон хүчит бөхийн барилдаан үзэж, сурын болон шагайн харвааны тэмцээнд цэц мэргэнээ сорив. Дублины наадамд Британи дахь монголчуудын язгуур урлагийн “Nomadic Tunes” хамтлаг ая дуугаа өргөж хурсан олныг цэнгүүлж алс холын Ирланд арлын наадмын талбайн жаврыг үргээлээ. Энэ үеэр монгол лимбэний ая эгшиглэхэд нар шарсан тэнгэрт хэсэгхэн үүл хуралдан сэрүүн салхи сэвэлзэхэд наадамчин олон билигшээн эх нутаг, түүх соёлоороо бахархан, гайхахын зэрэгцээ нүдэнд нь нулимс цийлэгнэн байх нь эх орноос илүү үнэтэй зүйл үгүйг харуулж байгаа мэт байв.

Наадмын талбайд “Дээлтэй монголчууд” уралдаанд оролцогсод гарч ирэн үндэсний дээл хувцасаараа гайхуулахад наадамчин олон уухай түрлэгээр тэднийг дэмжин шагшив.

Энэ удаагийн наадмын ажиллагааг сонин сайхан, амжилттай зохион байгуулахад Ирланд дахь монголчуудын холбооны Х.Оргил, М.Буяндэлгэр тэргүүтэй шижигнэсэн залуус идэвх, санаачилга гарган ажилласанд ЭСЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлж байна.

Мөн энэ үеэр Элчин сайдын яамны консулын ажилтан иргэний шинэчилсэн бүртгэл болон нотариатын бусад үйлчилгээг нийт 40 гаруй иргэнд үзүүлэв.

Гэрэл зураг: Б.Цэрэнбат