МОНГОЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЛОНДОН ХОТНОО БОЛОВ

Тус Элчин сайдын яам, Цахим Өртөө Холбоо, Британи Монголын Оюутны Холбоо, Лондон Коллеж Их Сургууль (University College London) -ийн Монгол Оюутны холбоо тус тус хамтран <Монголд ЕБС төгсөгчдийн зөвлөгөөн>-ийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны Бямба гаригт Лондон Коллеж Их Сургуулийн Антропологийн тэнхим дээр зохион байгуулав. <Сурагчийн EQ -г хөгжүүлэхэд багшийн оролцоо> сэдвийн доор явагдсан энэхүү зөвлөгөөнд Британид боловсрол судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан болон Монголд ЕБС болон их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Л.Отгонбаяр үг хэлэв. Зөвлөгөөний үндсэн хэсэгт боловсрол судлалын магистр Л.Эрдэнэчимэг <Боловсролын шинчлэл: Өнгөрсөн, одоо ба ирээдүй> сэдвээр, магистр П.Ууганбаяр <Emotional Intelligence (EQ) – cэтгэл зүйн чадамж гэж юу вэ?> сэдвээр, Б.Моника <Хувь хүний хөгжилд багшийн үүрэг оролцоо> сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Зөвлөгөөний хүрээнд <21 дүгээр зууны мэдлэг, ёс зүй> сэдвээр хэлэлцүүлэг хийсэн бөгөөд панелистаар магистр Д.Цэрэнбат, Соёлын элч, магистр Ж.Өнөрмаа, доктор Д.Бум-Очир, магистр П.Ууганбаяр нар оролцсон байна.

Зөвлөгөөнийг магистр Х.Улсболд, магистр Ж.Батдорж, боловсрол судлалын магистрант Б.Анар нар хөтлөн явууллаа. Уг зөвлөгөөний материалыг цахим гарын авлага болгон бэлтгэх бөгөөд Монголын ЕБС-иудын багш, судлаачид нээлттэй авч ашиглах бололцоотой болох юм.