Nottingham Open 2018 тэмцээн амжилттай болж өнгөрөв

“Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Нотингхэм хот дахь Монголчуудын холбоо, снүкэр биллард сонирхогчдоос санаачлан жил бүр зохион байгуулдаг  “Нотингхэм опэн 2018” снүкэрийн тэмцээн 3 дугаар сарын 17-ны Бямба гаригт Нотингхэм  хотын “Spot-on” биллардын клубт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд Британийн 6 хотод амьдарч, ажиллаж, суралцдаг нийт 16 тоглогч оролцож эхний шатанд 4 хэсэгт хуваагдан тойргийн журмаар, дараагийн шатанд мөн 2 хэсэгт хуваагдан  тойргийн журмаар тоглож шилдэг 4 тоглогч шалгаран аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд энэ жилийн аваргын төлөөх тоглолтод өмнөх тэмцээнүүдэд шилдэг 4-т тогтмол шалгарч, нэг бус удаа үзүүрлэж, түрүүлж байсан туршлагатай тоглогчид – Д.Очирбат, Ч.Отгонзул нар тунан үлдэж 2018 оны аваргаар Д.Очирбат тодорч алтан медалийн эзэн болов. Хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болсон  Ч.Отгонзул энэ удаагийн тэмцээний хамгийн цэц мэргэн тоглогч болохоо нотоллоо. Энэхүү тэмцээнд анх удаагаа оролцсон ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Одонжил гуравдугаар байрт шалгарч хүрэл медалийн эзэн болов. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад идэвх, санаачилга гарган амжилттай ажилласан ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс, тэмцээнийг үзэж сонирхон дэмжлэг үзүүлсэн Нотингхэм хотын монголчууддаа гүн талархал илэрхийлье.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ