BBC-4 радиогоор Монголын дуурийн урлагийн тухай нэвтрүүлэг цацагдав

Монголын дуурийн урлагийн хөгжил, сонгодог урлагийн боловсролын талаар Британийн BBC-4 радиогийн продюссер Стевен Ражам, нэвтрүүлэгч Кэйт Моллесон нар “Тал нутгаас дэлхийн тайзнаа” нэртэй цуврал хоёр дугаар бүхий тусгай сурвалжлага-нэвтрүүлгийг бэлтгэн олон нйитэд хүргэв. Нэвтрүүлгийн эхний дугаарт Монголын дуурийн дуучин МУГЖ Г.Ариунбаатарын төрж өссөн хөдөө нутаг, хүүхэд ахуйн дурсамж, дуурийн урлагтай амьдралаа холбосон замналын талаар сонирхолтой баримтуудыг, дараагийн дугаарт Монголын сонгодог урлагийн түүхэн хөгжлийн тухай, Монгол Улсын Засгийн газраас сонгодог урлагийн талаар явуулж ирсэн бодлогын үр дүнд дуурийн дуулаачид олон улсын түвшинд Монгол улсыг таниулах томоохон нэрийн хуудас  болж буйг тус тус дурджээ.

BBC-4 радио суваг нь хөгжим, урлаг, түүх, танин мэдэхүйн чиглэлээр дагнасан нэвтрүүлэг бэлдэж олон нийтэд хүргэдэг бөгөөд дэлхий даяар 12 сая гаруй байнгын сонсогчтой аж.

Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсэн Британийн баг хамт олон, тэдэнтэй хамтран ажилласан Британи дахь Монгол Улсын Соёлын Элч Ж.Өнөрмаа, нэвтрүүлгийг бэлтгэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яам, Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Соёл урлагийн их сургуулийн нийт хамт олонд болон нэвтрүүлэгт оролцсон бүх хүмүүст Лондон дахь ЭСЯ гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэж байна.