Лондон дахь Монголчуудын шинэ жилийн цэнгүүн болов

Лондон дахь Монголчуудын шинэ жилийн цэнгүүн 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр боллоо. Шинэ жилийн цэнгүүнийг уламжлалын дагуу Британи дахь Монголчуудын холбооноос зохион байгуулав. Энэ жилийн цэнгүүний онцлог нь 1920-иод оны стилийг дурсан <<Гатсби шиг цэнгэцгээе>> уриатайгаар үдэшлэгийн зочид бүгд 1920-иод оны стиль бүхий гоёлын хувцас, чимэгтэй ирж оролцсон явдал байв. Мөн шинэ жилийн цэнгүүнийг чимж Британийн Gatsby five peices жааз хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөв. Цэнгүүний үеэр Монгол өвлийн өвгөн болон Санта өвгөн хамтдаа хүрэлцэн ирж зочдын дундаас хамгийн шилдэг Гатсби стильтэй оролцогч шалгаруулж, мөн хөгжөөнт тоглоом зохион байгуулж, азтай ширээ шалгаруулж өвлийн өвөөгийн бэлгийг гардуулав. Цэнгүүнийг ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Одонжил нээж, улиран одож буй онд Британи дахь Монголчуудын гаргасан амжилт ололтын талаар тэмдэглэн, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Лондон дахь Хүүхдийн шинэ жилийн цэнгүүн зохион байгуулагдав. Баярын энэ өдрөөр авъяаслаг монгол хүүхдүүдийн дуу, бүжиг, <<Манжингийн үлгэр>> жүжиг, хөгжөөнт тоглоом, уран зургийн уралдааныг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт шинэ жилийн бэлгийг өвлийн өвгөө гардуулан өгөв. Энэхүү арга хэмжээг ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр нээж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

Эдгээр арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулсан Британи дахь Монголчуудын холбооны хамт олон, мөн чинь сэтгэлээсээ тусалж дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, ажлын амжилт, хамгийн сайн сайхныг ЭСЯ-ны зүгээс хүсэн ерөөж байна.