Монгол Улсын төлөөлөгчид Олон Улсын Далайн Байгууллагын 30 дахь удаагийн Ерөнхий Ассамблейд оролцов

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар Ерөнхий чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож байна.

Дэд сайд Б.Цогтгэрэл тус Чуулганы нээлтэд үг хэлж, усан замын тээврийн салбарт Монгол Улсыг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

ОУДБ-ын Удирдах дээд байгууллага болох Ерөнхий чуулган хоёр жил тутамд хуралддаг бөгөөд чуулганаар уг байгууллагын үйл ажиллагаа болон дэлхийн далайн тээврийн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, чиг хандлагыг тодорхойлох, зохицуулах талаар гишүүн орнуудын саналыг нэгтгэхийн зэрэгцээ байгууллагын удирдах Зөвлөлд орж ажиллах гишүүн орнуудыг сонгох сонгуулийг зохион байгуулдаг юм. Мөн Зэм, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй чуулганы төлөөлөгчид ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Китак Лимтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.