БРИТАНИД ЗОРЧИХ МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖҮҮД

1)    Хил, гаалиар нэвтрэх

 

  • Британийн хилийн шалганд орохоос өмнө “орох хуудас”(landing card)–ыг үнэн зөв, гаргацтай бөглөх, ийнхүү бөглөхдөө анх виз мэдүүлэхдээ өгсөн мэдээллээ оруулах шаардлагатай.
  • Паспортоо биедээ авч явах. Онгоцноос буухдаа Паспортоо орхиж буух, алдах тохиолдол цөөнгүй гардаг тул сонор сэрэмжтэй байна уу.
  • Суралцахаар ирж байгаа тохиолдолд сургуультайгаа холбоотой бичиг баримтуудаа гар тээшиндээ авч явах. Үүнд сургуульд тэнцсэн баталгааны дугаар (Confirmation of Acceptance for Studies (CAS) number) заавал байх шаардлагатай.
  • Зорчигчийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл Британийн хилийн албаны ажилтан өөрийн үзэмжээр тодорхой баримт бичгийг, тухайлбал банкны дансанд холбогдох мэдээллийг шаардаж болзошгүй.
  • Хилийн албаны ажилтан танаас Британид байх хугацаа, зорилгын талаар асуулт асууж хариулт авах эрхтэй гэдгийг санаж бэлтгэлтэй байх. Та анх виз мэдүүлснээс өөр зорилго, агуулга бүхий мэдээлэл өгөх нь таныг хилээр нэвтрүүлэхгүй байх, түр цагдан хорих, нутагт тань албадан буцаах арга хэмжээ авах үндэслэл болно.
  • Хүнсний ямар нэг бүтээгдэхүүн хилээр авч орохыг хориглоно.
  • Тодорхой бараа бүтээгдэхүүнийг тээшиндээ авч явах дээд хэмжээ байдаг. Жишээ нь янжуур тамхи 200 ширхэг буюу 2 блок, архи 1 литрээс дээш авч орохыг хориглодог.
  • Хуурамч буюу дууриамал бараа бүтээгдэхүүн, хар тамхи, зэвсэг, сум зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн авч орохыг хатуу хориглоно. Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний тухай мэдээллийг https://www.gov.uk/guidance/personal-food-plant-and-animal-product-imports -ээс уншиж танилцана уу.
  • Та биедээ 10.000 еврогоос их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай. (https://www.gov.uk/bringing-cash-into-uk)
  • Бусдын бичиг баримтыг авч явж хэрхэвч болохгүй. Бусдын бичиг баримтыг зайлшгүй авч явах шаардлагатай тохиолдолд энэ тухай зохих нотолгоо тайлбарыг Англи хэлээр бичиж хавсаргасан байх нь зүйтэй.
  • Хилийн албаны ажилтнуудтай зохисгүй харилцах, гүтгэх, арьс өнгө, бусад байдлаар ялгаварласан хандлага гаргах, худал хэлэх зэргээр авирлавал энэ бүхэн тань ямагт бүртгэгдэж, мөн таныг хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болох анхаарна уу.

 

2)     Хилээр нэвтэрсний дараа

 

  • Танд олгосон визийн мэдээлэлд визийн хугацаа, ангилал, төрөл, ажиллах эрхтэй эсэх, эрхтэй бол долоо хоногт ажиллах цагийн хязгаарыг тус тус багтаасан байдаг. Эдгээр нөхцөл, болзол зөрчигдсөн тохиолдолд таныг баривчлах, улмаар тань албадан гаргах үндэслэл болдог.
  • Аялалын виз, эсхүл ажиллах эрхгүй визтэй ирээд ажил хийж байхдаа ажлын байран дээрээс Цагаачлалын албаны ээлжит ба ээлжит бус шалгалтын үеэр баригдах тохиолдол нэлээд их байна.
  • Мөн визийн хугацаа нь таны тус улсад амьдрах хугацаа биш гэдгийг анхаарна уу. Тухайлбал, “С” ангиллын аялалын виз, олон удаагийн орох эрхтэй 6 сарын хугацаатай олгогдсон нь таныг тус улсад 6 сарын турш амьдрах эрхтэй гэсэн үг биш. Британид таны байх хугацаа таны виз анх мэдүүлэхдээ бичиж өгсөн хугацаагаар тогтоогдоно гэдгийг анхаарна уу. Хэрэв анх виз мэдүүлснээсээ урт хугацаагаар Британид оршин суусан тохиолдолд энэ нь таны дараагийн визэнд сөргөөр нөлөөлнө.

 

 

3)    Оюутнуудад зориулсан зөвлөмж

 

  • Британид ирээд та хамгийн түрүүнд сургуульдаа бүртгүүлж оюутны үнэмлэх (Student ID)-ээ авч, өөрт хамгийн ойр орших Өрхийн эмнэлэг (General Practitioner)-дээ бүртгүүлэх хэрэгтэй.
  • Элчин сайдын яаманд бүртгүүлэх. Яаралтай хэл дуулгах, ар гэрийн гачигдал, өвдөх зэрэг аливаа асуудал гарахад та ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байвал танд тусламж үзүүлэхэд хялбар болно. Бүртгүүлэхийн тулд http://embassyofmongolia.co.uk/?p=214&lang=mn -аас зохих бүртгэлийн маягтыг татан авч бөглөн ЭСЯ-ны otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягт илгээх.
  • Аливаа гэрээний нөхцөлийг урьдаас сайтар уншиж танилцаж байх. Байр түрээслэх, гар утас авах, фитнес клубын гишүүн болох гэх мэт бүх төрлийн үйлчилгээ авахад гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Энэ үед гэрээний бүх нөхцөлийг уншаагүйгээс хожим гэрээ цуцалж болохгүй нөхцөлийг зөвшөөрсөн байх, илүү их төлбөр, торгууль төлөх байдалд орох нь түгээмэл тул гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн уншсаны үндсэн дээр сонголт хийх шаардлагатай.
  • Хувийн бичиг баримтуудаа нягтлах. Та өөрийн Паспорт (Гадаад паспорт) -ын хүчинтэй хугацааг нягталж, дуусахаас нь өмнө Лондон дахь ЭСЯ-нд хандаж сунгуулах шаардлагатай. Мөн виз, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж байх нь таны үүрэг хариуцлага гэдгийг анхаарна уу.
  • Британийн хууль дүрэм. Гудамж талбайд хог, нус цэрээ хаях, бие засах зэрэг үйлдэл нь тус улсад эрүүгийн хэрэгт тооцогддог. Монгол улсын иргэн согтуудаа Лондон хотын нэгэн паркад хөнгөн бие зассаны улмаас цагдаагийн байгууллагад баривчлагдаж, улмаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн явдал 2017 онд гарсан. Олон нийтийн газар бусдыг удаан хугацаагаар ширтэх, бусдын биед хүрэх, бүдүүлэг харьцах, бусдыг арьс өнгө, гарал үүсэл, шашин болон итгэл үнэмшил, хүйсээр тохуурхах, доромжлох, ялгаварлах нь хуулийн хатуу ялтай байдаг. Харилцаандаа ийм хандлага төдий гаргасан оюутан сургуулиасаа хөөгдсөн тохиолдол бий. Тус улс нь нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн камержуулсан хяналтанд байлгадаг, үйлчилгээний газруудад дүрс, дууны бичлэг хийдэг. Гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх, юуг гэмт хэрэг, зөрчил гэж тооцдог талаар дэлгэрэнгүйг http://www.cps.gov.uk/legal/v_to_z/youth_offenders/аас уншиж танилцана уу.
  • Бичиг баримтаа алдах. Оюутнууд Паспорт, виз, оршин суух үнэмлэх – Biometric Residence Permits (BRPs) бичиг баримтаа гээх, хулгайд алдах явдал маш ихээр гардаг. Манай иргэд нэгнийхээ бичиг баримтыг хулгайлах, улмаар түүнийг цааш нь худалдахаар завдсан тохиолдол удаа дараа гарсан. Харамсалтай нь бусдын бичиг баримтаар ажиллаж, амьдрах явдал тус улс дахь Монгол иргэдийн дунд түгээмэл байдаг. Та бичиг баримтаа гээгдүүлдсэн, хулгайд алдсан тохиолдолд цаг алдалгүй ойролцоох цагдаагийн байгууллагадаа мэдэгдэж бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэн тухай тодорхойлолт нотолгоо авах шаардлагатай. BRP-ийг нөхөж авах тохиолдол дараах холбоост байгаа зааврын дагуу нөхөн авах талаарх мэдээллийг https://www.gov.uk/biometric-residence-permits/replace -ээс уншиж танилцана уу.
  • UK giin Mongol Zar -д нэгдэх. Энэ нь алба, амины олон асуудлаар мэдээлэл солилцдог Фейсбүүкийн хамгийн том зарын булан тул Британи дахь Монголчуудын холбоо, Элчин сайдын яамны үйл ажиллагааны зар мэдээг уг группээр дамжуулан хүргэдэг. Энэ группд заавал нэгдээрэй.
  • Стрессээс зайлсхийх. Цаг агаарын ялгаатай байдлаас хамаарч Монголоос ирсэн оюутнууд стресст орох явдал гардаг. Иймд цаг агаарын мэдээ үзэж нартай үед заавал гарч салхилах, мөн найз нөхөдтэй болж цагийг сонирхолтой өнгөрөөх, Монголчуудын дунд зохиогддог арга хэмжээнд оролцох, сайн дураар ажиллах зэргээр өөрийгөө ганцаардах, стресст орох сэргийлээрэй.

 

4)    Цахим залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх

 

  • Интэрнэтээр эд зүйлс зарах, худалдан авах, байр, өрөө хөлслөх гэрээ байгуулах, урьдчилгаа болон барьцаа төлөх зэрэг төрөл бүрийн зар гардаг болсон. Та баталгаагүй цахим хуудас, худалдаа, үйлчилгээ борлуулах гэсэн хуурамч саналуудаас болгоомжилж сайтар нягталж байх шаардлагатай.
  • Баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй тохиолдолд бусдад өөрийн бүтэн нэр, хаяг, банкны дансны мэдээлэл, цахим шуудан, утасны дугаарыг хэрхэвч өгөхгүй байх нь зүйтэй.
  • Таны банк болон санхүүгийн байгууллагын нэрээр хуурамч цахим шуудан илгээж банкны мэдээлэл нууц үгээ өөрчлөх хүсэлт ирсэн тохиололд илгээгчийн цахим шуудангийн хаягийг сайтар шалгах шаардлагатай бөгөөд энэ асуудлаар банкиндаа хандаж лавлаж болно.
  • Банкны картын дугаарыг онлайн худалдааны олон веб сайтад бүртгүүлэх, сануулж орхихоос зайлсхийх шаардлагатай.
  • Таны хэрэглэдэг компъютер тань вирусын эсрэг програмтай эсэх, тэдгээрийн хугацааг зохих ёсоор сунгасан эсэхийг сайтар нягталж байна уу.
  • Худалдан аваагүй бараа, үйлчилгээний нэхэмжлэхийг нээж үзэхгүй байх нь зүйтэй, вирус нь зар сурталчилгааны болон хонжворын хэлбэрээр ирж таныг тодорхой линк дээр дарж нэвтэрч орохыг санал болгох нь түгээмэл байдгийг анхаарах.
  • Хэрэв та цахим залилангийн хохирогч болсон тохиолдолд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн 0300 123 2040 дугаарын утас руу цаг алдалгүй залгаж, зөвлөгөө авах, өргөдөл гомдлоо бүртгүүлэх боломжтой. Таны найз нөхөд, ойр орчинд тань цахим гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол энэ тухай мэдээллийг 0300 123 2040 дугаарын утсаар мэдээлж бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх боломжтой. Цахим гэмт хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.actionfraud.police.uk/about-us -ээс авна уу.