Таныг баривчилсан үед таны эрх

Тус ЭСЯ-наас суугаа орондоо амьдарч байгаа Монгол иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан хүргэж байгаа цувралын хүрээнд “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас баривчлагдсан үед таны эдлэх эрх” сэдвээр энэхүү зөвлөмж, мөн суугаа орны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн орчуулгыг та бүхний хэрэгцээнд зориулан хүргэж байна. 

 

ТАНЫГ БАРИВЧИЛСАН ТОХИОЛДОЛД

Санамж: Энэхүү мэдээлэл нь ИБУИНВУ-ын хууль тогтоомжийн талаарх зөвлөгөөг орлохгүй бөгөөд иргэдэд энгийн ойлгомжтой байлгах шаардлагын дагуу хялбаршуулсан болно.

Таныг баривчилсан тохиолдолд:

Британийн хууль сахиулах байгууллагын ажилтан таныг баривчилсан тохиолдолд ихэвчлэн цагдаагийн хэсэгт авчирна. Үүний дараа хорих өрөөнд саатуулж, танаас мэдүүлэг авах ажиллагаа явуулдаг.

Таныг хуулийн дагуу шалгах ажиллагааны дараа суллах, эсхүл тодорхой зөрчил, гэмт хэрэгт сэжиглэн шүүхэд шилжүүлэх юм.

Хэргийн ээдрээ төвөгтэй болон нийгэм, гэр бүлд учруулж болзошгүй байдлаас шалтгаалан таныг хорьж саатуулах хугацаа харилцан адилгүй байна.

Хэрэв та Англи хэл мэддэг бол өөрийгөө Монгол Улсын иргэн гэдгээ хэлж, Элчин сайдын яамны консулын ажилтантай холбоо барих хүсэлтээ гаргах нь зүйтэй.

Та Англи хэл мэдэхгүй тохиолдолд Монгол хэлний орчуулагчаар дамжуулан ярилцах хүсэлт гаргаж болно. Монгол хэлний орчуулагч олдох хүртэл та өөр ямар нэгэн хэлээр ярьдаг бол уг хэлээр ярих боломжтойгоо цагдаагийн ажилтанд хэлж болно.

Монгол Улс нь ИБУИНВУ-тай Консулын конвенцийг 1975 онд байгуулсан(http://www.legalinfo.mn/law/downloadPdf/1271/). Энэ конвенцийн дагуу Монгол улсын иргэн ИБУИНВУ-ын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн улмаас баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд орон нутгийн хууль сахиулах байгууллага энэ талаар Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс та өөрийн эрхийг хамгаалуулах шаардлага гарсан даруйд Элчин сайдын яамны консулын ажилтантай уулзах хүсэлтээ гаргах нь зүйтэй.

 

Цагдан хорих газар дахь таны эрх:

Юуны өмнө та өөрийгөө ямар хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсанаа мэдэх эрхтэй. Мөн Хууль сахиулах байгууллагын ажилтан таны эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Та Хүний эрхийн түгээмэл тунхаглалд (http://www.legalinfo.mn/law/downloadPdf/1271/) заасан суурь эрхүүдийг эдлэхээс гадна. Британийн хууль сахиулах байгууллагаас дараахь зүйлсийг хүсэх эрхтэй байдаг:

–       Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах

–       Өөрийгөө хаана байгаагаа хэн нэгэнд мэдэгдэх

–       Биеийн эрүүл мэндэд тань асуудал, зовиур байгаа бол эмнэлгийн туслалцаа авах

–       Хоол хүнс, ариун цэврийн өрөөгөөр хангагдах

–       Хууль сахиулах байгууллагын ажилтны ажиллах дүрэм журамтай танилцах

–       Орчуулагч томилуулж харилцах.

 

Таныг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах үед таны эдлэх эрх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мөрдөж ажиллах ёстой хуулийг эндээс Монгол хэлээр татаж авч танилцана уу.