МАНЧЕСТЕР ХОТНОО “МОНГОЛ СОЁЛ, ШАГАЙН ХАРВААНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Монгол Улсын Элчин сайдын яам, Монголчуудын холбоо, Монголын Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбар холбооноос хамтран “Монгол соёл, шагайн харвааны өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ Манчестер хотноо 2017 оны 10 сарын 15 ны ням гаригт зохион байгууллаа.

Өдөрлөгийг Монгол морин хуурын аялгуу, монгол ардын уртын дуу “Алсын газрын зэрэглээ” дуугаар эхлүүлэв.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шагайн харваачдын нөхөрсөг тэмцээнд Лондон, Манчестер хотын багууд өрсөлдөв. Лондон хотын 2, Манчестер хотын 2 багуудын хооронд маш өрсөлдөөнтэй болж, 3 баг хожил тэнцэж сум уралдуулсанаар Э.Идэр ахлагчтай Манчестер хотын баг тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, Д.Болд ахлагчтай Лондон хотын баг тэргүүн дэд байрын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Энэ үеэр сонирхогчид, харваачдын дунд хувийн цуваа харвааны нээлттэй тэмцээн болов. Энэ төрөлд Манчестерийн Ш.Гантулга 9 онож тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, Лондон хотын Д.Болд 7 онож тэргүүн дэд байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн Манчестерийн Б.Батбаяр 6 онож гутгаар байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Нэгэн онцлох үйл явдал болсон нь Ноттинхам хотод амьдардаг шагайн харваа сонирхогчидийг дэмжих зорилгоор Лондон хотын харваач Б.Батсуурь өөрийн санаачилгаар шагайн мод хийж ирснийг Ноттанхам хотоос хүрэлцэн ирсэн морин хуурч Нямдаваад гардуулж өглөө.  

Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдийн дунд уран үйл хатгах тэмцээн явагдаж, тэргүүн байрт Д.Энхтуяа шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.

Өдөрлөгийн сонирхол татсан нэг хэсэг нь зочдын дунд Монгол дууны караоке тэмцээн болсон явдал байв.

ЭСЯ-ны консулын ажилтан Манчестер хот орчимд амьдардаг иргэддээ консулын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэв.

Арга хэмжээг ивээн тэтгэсэн Сумо Сүши төвийн хамт олон, Монголчуудын холбоо, Номадик Тюнс хамтлаг, М.Машбаяр Ерөнхийлөгчтэй Монголын Шагайн Харвааны Британи дахь салбар Холбооны хамт олон, Osechi шагайн өргөө клуб, өдөрлөгийг хөтлөн явуулсан М.Мөнхзоригт, Урнаа, тэдний гэр бүлийнхэнд талархал илэрхийлье.