БРИТАНИД ШИНЭЭР ИРСЭН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Юуны өмнө ИБУИНВУ-д суралцахаар хүрэлцэн ирсэн оюутнууд та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхний аюулгүй байдал, эрүүл мэнд, хичээл сурлагад тань хамааралтай доорх зөвлөмжүүдийг хүргэж байгааг цаг гарган уншина уу.

  1. Энд ирээд таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуульдаа бүртгүүлж оюутны үнэмлэх (Student ID)-ээ авч, өөрт ойрхон Өрхийн эмнэлэг (GP)-дээ бүртгүүлэх явдал юм.
  2. Элчин сайдын яамандаа бүртгүүлэх. Яаралтай хэл дуулгах, ар гэрийн гачигдал, өөрөө өвдөх зэрэг амьдралд тохиолддог аливаа асуудал гарах үед та ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байх нь чухал юм. Бүртгүүлэхийн тулд дараах холбоос дээр дарж (http://embassyofmongolia.co.uk/?p=214&lang=mn) зохих бүртгэлийн маягтыг татан авч бөглөн ЭСЯ-ны otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягт илгээх.
  3.  Аливаа гэрээний нөхцөлийг урьдаас сайтар уншиж танилцаж байх. Байр түрээслэх, гар утас авах, фитнес клубын гишүүн болох гэх мэт бүх төрлийн үйлчилгээ авахад гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Энэ үед гэрээний бүх нөхцөлийг уншаагүйгээс хожим гэрээ цуцалж болохгүй нөхцөлийг зөвшөөрсөн байх, илүү их төлбөр, торгууль төлөх байдал орох нь түгээмэл тул гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн уншсаны үндсэн дээр сонголт хийх шаардлагатай.
  4. Хувийн бичиг баримтуудаа нягтлах. Та өөрийн Паспорт (Гадаад паспорт) -ын хүчинтэй хугацааг нягталж, дуусахаас нь өмнө Лондон дахь ЭСЯ-нд хандаж сунгуулах үүрэгтэй. Мөн виз, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж байх нь таны өөрийн хариуцлага гэдгийг анхаарна уу.
  5. Хууль чанга. Гудамж талбайд хог, нус цэрээ хаях, бие засах зэрэг үйлдэл нь тус улсад эрүүгийн хэрэгт тооцогддог. Монгол улсын иргэн согтуурсан үедээ Лондон хотын нэгэн парк дахь модруу бие зассаны улмаас цагдаагийн байгууллагад баривчлагдаж, улмаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн явдал 2017 онд гарсан. Олон нийтийн газар бусдыг удаан хугацаагаар ширтэх, бусдын биед хүрэх, бүдүүлэг харьцах, бусдыг арьс өнгө, гарал үүсэл, шашин болон итгэл үнэмшил, хүйсээр тохуурхах, доромжлох, ялгаварлах нь хуулийн хатуу ялтай байдгийг санууштай. Харилцаандаа ийм хандлага төдий гаргасан оюутан сургуулиасаа хөөгдсөн тохиолдол бий. Тус улс нь нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн камержуулсан хяналтанд байлгадаг, үйлчилгээний газруудад дүрс, дууны бичлэг хийдэг. Гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх, юуг гэмт хэрэг, зөрчил гэж тооцдог талаар талаар дэлгэрэнгүйг дараах холбоосоос уншина уу http://www.cps.gov.uk/legal/v_to_z/youth_offenders/.
  6. Бичиг баримтаа хаях, алдах. Өнгөрөгч онд Монгол Улсаас ирсэн оюутнууд Паспорт, виз, оршин суух үнэмлэх – Biometric Residence Permits (BRPs) бичиг баримтаа гээх, хулгайд алдах явдал маш ихээр гарсан. Мөн монголчууд нутаг нэгтнүүдийнхээ бичиг баримтыг хулгайлах, улмаар түүнийгээ цааш нь худалдахаар завдсан тохиолдол удаа дараа гарсан. Харамсалтай нь бусдын бичиг баримтаар ажиллаж, амьдрах явдал тус улс дахь Монгол иргэдийн дунд түгээмэл байдаг. Та бичиг баримтаа хаясан, гээгдүүлдсэн, хулгайд алдсан тохиолдолд цаг алдалгүй ойролцоох цагдаагийн байгууллагадаа мэдэгдэж бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэн тухай тодорхойлолт нотолгоо авах шаардлагатай. Алга болсон BRP-ийг нөхөж авах тохиолдол дараах холбоост байгаа зааврын дагуу нөхөн авах: https://www.gov.uk/biometric-residence-permits/replace         
  7. UK giin Mongol Zar -д нэгдэх. Алба, амины олон асуудлаар мэдээлэл солилцдог Фейсбүүкийн хамгийн том зарын булан тул Британи дахь Монголчуудын холбоо, Элчин сайдын яамны үйл ажиллагааны зар мэдээг уг группээр дамжуулан хүргэдэг. Энэ группд нэгдээрэй.
  8.  Стрессээс зайлсхийх. Цаг агаарын ялгаатай байдлаас хамаарч Монголоос ирсэн оюутнууд стресст орох явдал гардаг. Иймд цаг агаарын мэдээ үзэж нартай үед заавал гарч салхилах, мөн найз нөхөдтэй болж цагийг хөгжилтэй өнгөрөөх, Монголчуудын дунд зохиогддог арга хэмжээнд оролцох, сайн дураар ажиллах зэргээр өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээгээрэй.

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ