ГЭРЧИЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ.

САНАМЖ:

Энэхүү мэдээлэл нь ИБУИНХУ, Ирланд, Исланд Улсуудад байнга болон түр оршин суугч, мөн эдгээр улсуудад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдэд зориулагдсан болно.

Цагийн хуваарь: Та консулын үйлчилгээ авахаар ЭСЯ-нд ирэхээсээ өмнө 0207-937-0150 (ext-15) утсаар, эсхүл консулын office@embassyofmongolia.co.uk цахим хаягаар урьдчилан холбогдож, цаг товлоно уу. Ингэх нь таны болон бусдын товлогдсон үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

ЭСЯ-ны консулын хэсэг нь Визийн хэсгээс тусдаа бөгөөд нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрөөс бусад үед Даваагаас Баасан гарагт 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажилладаг. ЭСЯ консулын асуудал хариуцсан зөвхөн нэг ажилтантай ба ИБУИНХУ, түүний хотууд, хавсран суугаа Ирланд, Исланд Улсууд дахь Монгол иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хууль хяналт, цагдаа, шүүх, эрүүл мэндийн гэх мэт олон байгууллагаар явах шаардлага гарах нь бий. Иймд үйлчилгээ авахдаа урьдчилж цаг товлохыг Танд зөвлөе.

Бүртгэлийн үйлчилгээний хураамж 15 фунт стерлинг болно. Хэрвээ Та англи хэлээр бичигдсэн баримт бичиг бүрдүүлбэл албан ёсны орчуулгын үнэ хуудас тутамд 10 фунт стерлинг болохыг анхаарна уу.

  1. Төрсний гэрчилгээ

 

Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т:

Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ” гэж заажээ. Аль ч улс өөрийн хуульд заасан хугацааны дотор шинэ төрсөн иргэнээ бүртгэдэг. Иймд та бүхэн Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэн, шинээр мэндэлсэн хүүхдийн эрх ашгийн төлөө хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор бүртгүүлнэ үү.

2000 оноос хойш төрсөн хүүхдэд ЭСЯ регистрийн дугаар олгож, төрсний гэрчилгээний бичилт хийж болно. 2000 оноос өмнөх төрөлттэй холбоотой асуудлыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газар шийдвэрлэнэ.

Монгол Улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв Таны хүүхэд ИБУИНХУ, Ирланд, Исланд эсхүл өөр бусад улсын харъяат иргэнээр бүртгэгдсэн бол Таны хүүхдэд Монгол Улсын төрсний гэрчилгээг давхардуулан олгохгүйг анхаарна уу.

Хүүхэд тань Монгол Улсын төрсний гэрчилгээ авснаар Монгол Улсын харьяат болж байгаа бөгөөд 16 нас хүрмэгцээ Монгол Улсын иргэний үнэмлэх авах эрхтэй.

Төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:

  1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар,
  2. Хүүхдийн төрснийг гэрчилсэн баримтын хуулбар /гадаадын/,
  3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
  4. Хүүхдийн цээж зураг, нэг хувь,
  5. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг эндээс дарж авна уу
  6. Төрсний гэрчилгээ хүссэн эцэг, эхийн өргөдөл (Төрсний гэрчилгээ авах өргөдлийн загвар)-ийг татан авч (Гадаад эцэг, эхийн тухайд энэ загварт үзүүлсэн агуулгаар англи хэл дээр өргөдөл бичих бөгөөд хүүхдээ Монгол Улсын бүртгэлд хамруулахыг зөвшөөрсөн агуулга заавал тусгагдана) бөглөнө.
  7. Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлээгүй бол эцэг тогтоолт хийж эцгээр нь овоглуулах тухай өргөдөл (Эцэг тогтоолт хийлгэх өргөдөл-ийн загвар) татан авч (Гадаад эцэг, эхийн тухайд энэ загварт үзүүлсэн агуулгаар англи хэл дээр өргөдөл бичих бөгөөд хүүхдийн эцэг болохоо баталж, өөрийн нэрээр овоглохыг зөвшөөрсөн ба өөрийн нэрээр овоглуулахыг хүссэн агуулга заавал тусгагдана) бөглөнө.
  8. Хэрвээ хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь хүүхдийн төрөлт бүртгэгдсэн гадаад улсаас өөр улсын иргэний харьяалалтай бол эцэг, эхийн харьяалагддаг улсын холбогдох бүртгэлийн байгууллагаас /УБЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу/ дээрх төрөлт бүртгэгдсэн эсэх тухай лавлагааг авч ирнэ.
  9. Хэрвээ Та хүүхдээ төрүүлснээс хойш 1 жилийн хугацаанд Төрсний гэрчилгээ авч амжаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас дээрх төрөлт бүртгэгдсэн эсэх тухай лавлагаа авна. Мөн өөрийн өрхийн эмнэлгээс хүүхэд хэвийн бойжиж буй тухай (Загварыг эндээс үзнэ үү) тодорхойлолт авч ирнэ.

 

Бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн архивт шилжүүлэхийн өмнө англи хэл дээрх гэрчилгээ, эцэг эхийн өргөдлийн албан ёсны орчуулгыг ЭСЯ-нд үйлдэнэ. Орчуулгын төлбөр хуудас тутамд 10 фунт стерлинг байх ч Төрсний гэрчилгээний төлбөрийг чөлөөлсөн болно.   

Та бүхэн төрсний бүртгэлийн үйлчилгээ авахаар ирэхээсээ өмнө урьдчилан цаг товлох нь таны үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

Цагийн хуваарийг дээрээс харна уу.

 

  1. Гэрлэлтийн гэрчилгээ

 

Гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авахад дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /гадаад улсын иргэний хувьд англи хэлээр өргөдөл бичиж гарын үсгээ зурсан байна/
  2. Гэрлэгсдийн иргэний үнэмлэх болон үндэсний гадаад паспортын хуулбар
  3. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг эндээс дарж авна уу.
  4. Гэрлэлтийн бүртгэлийн талаарх УБЕГ-ын лавлагаа /хүчинтэй гэрлэлт бүртгэлтэй байгаа эсэх тухай/
  5. Гэрлэгсэд 3 төрлийн шинжилгээ өгсөн баримтаа хавсаргах. Үүнд: ДОХ/ХДХВ, сэтгэцийн эмгэг, халдварт сүрьеэ.
  6. Өмнөх гэрлэлт цуцлуулсан, эсхүл бэлбэсэрсэн бол энэ тухай бүртгэлийн байгууллагын тодорхойлолт, эсхүл шүүхийн шийдвэрийн хуулбар.
  7. Гэрлэлтийг гэрчлэх хоёр хүний тодорхойлолт.

Та бүхэн бүртгэлийн үйлчилгээ авахаар ирэхээсээ өмнө урьдчилан цагаа товлох нь таны үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

Цагийн хуваарийг дээрээс харна уу.