МОНГОЛ УЛСЫН ГАДААД ПАСПОРТ АВАХ

ЭНЭ ХУУДАСНААС ТА:

  1. Гадаад паспорт захиалах тухай
  2. Гадаад паспортын хугацааг сунгахгүй болсон тухай унших болно.

 

САНАМЖ:

Энэхүү мэдээлэл нь ИБУИНВУ, Ирланд, Исланд Улсуудад байнга болон түр оршин суугч, мөн эдгээр улсуудад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдэд зориулагдсан болно.  

Цагийн хуваарь: Та консулын үйлчилгээ авахаар ЭСЯ-нд ирэхээсээ өмнө 0207-937-0150 (ext-15) утсаар, эсхүл консулын office@embassyofmongolia.co.uk цахим хаягаар урьдчилан холбогдож, цаг товлоно уу. Ингэх нь таны болон бусдын товлогдсон үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

ЭСЯ-ны консулын хэсэг нь Визийн хэсгээс тусдаа бөгөөд нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрөөс бусад үед Даваагаас Баасан гарагт 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажилладаг. ЭСЯ консулын асуудал хариуцсан зөвхөн нэг ажилтантай ба ИБУИНВУ, түүний хотууд, хавсран суугаа Ирланд, Исланд Улсууд дахь Монгол иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хууль хяналт, цагдаа, шүүх, эрүүл мэндийн гэх мэт олон байгууллагаар явах шаардлага гарах нь бий. Иймд үйлчилгээ авахдаа урьдчилж цаг товлохыг Танд зөвлөе.

Үйлчилгээний хураамжийг эндээс үзнэ үү.

 

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ:

Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Иймд иргэн та бусад аль ч улсын иргэдийн адил өөрийн болон өөрийн асран хамгаалалтад буй хүмүүсийн бичиг баримтын хүчинтэй эсэхийг байнга сайтар шалгаж, шаардлагатай үед нь шинэчлүүлж өөртөө болон өөрийн асран хамгаалалж буй хүмүүсийн өмнө хариуцлагатай хандах нь чухал.

 

passport

 

Та бүхэн паспорт захиалах, эсхүл энэ үйлдлийг Улаанбаатарт суугаа хэн нэгэнд итгэмжлэл олгон хийлгэхээр ЭСЯ-нд ирэхээсээ өмнө 0207-937-0150 (ext-15) утсаар, эсхүл консулын office@embassyofmongolia.co.uk цахим хаягаар урьдчилан холбогдож, цаг товлоно уу. Ингэх нь таны болон бусдын товлогдсон үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

 

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ ДАРААХ ХОЁР АРГА БИЙ:

  1. Паспортыг Элчин сайдын яамаар дамжуулан захиалах арга.

Шинээр паспорт авахыг хүссэн иргэд доорх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж ЭСЯ-нд өөрийн биеэр авч ирнэ. ЭСЯ таны бичиг баримтуудыг шат шатны байгууллагуудаар дамжуулахын сацуу цахимаар УБЕГ-т хүргүүлж шинэ паспорт хэвлүүлдэг. Улаанбаатар-Лондонгийн хооронд тогтмол дипломат шуудан хүргэлт байдаггүй тул таны захиалсан шинэ паспортын ЭСЯ-нд хүргэгдэж ирэх хугацаа 3 сар зарим үед түүнээс ч удаан байх тохиодол гардаг. Иймд ЭСЯ-аар дамжуулан шинэ паспорт захиалахдаа энэ нөхцөлийг харгалзана уу. Паспорт болон бусад бичиг баримтууд нь хувь хүний мэдээлэлд тооцогдох тул ЭСЯ өөр төрлийн шуудангийн үйлчилгээг ашиглахыг сайшаадаггүй.

Гадаад паспорт захиалга болон бүртгэлийн үйл ажиллагааг илүү шуурхай ба оновчтой цахим хэлбэрээр бүртгэх тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа болно.

Паспорт захиалахад бүрдүүлэх бичиг баримт
1. Паспорт захиалах маягтыг татан авч бөглөх;
2. 3.5 х 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг (нэмэлтээр паспортын үндсэн фото

зургийг ЭСЯ-нд авахуулна);
3. Гадаад паспорт болон иргэний цахим үнэмлэхийн хуулбар (зөвхөн хугацаа нь

хүчинтэй иргэний үнэмлэхтэй иргэн шинэ паспорт захиална);
4. Шинэ паспортын төлбөр 40 фунт стерлинг;
5. Хүүхдэд гадаад паспорт хүсэж буй бол эцэг/эхийн гадаад паспорт эсвэл цахим

үнэмлэхийн хуулбарыг үндсэн бичиг баримтуудтай хавсаргана;

Насанд хүрсэн иргэн өөрийн шинэ паспортыг биечлэн ирж захиална. Бусдын өмнөөс хэн нэгэн этгээд шинэ паспорт захиалах боломжгүйг анхаарна уу.

  1. Бусдад итгэмжлэл олгох замаар шинэ паспорт яаралтай захиалах арга.

Танд шинэ паспорт яаралтай захиалах шаардлага бий бол Монгол Улсад оршин суугаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай гүйцэтгүүлэх боломжтой. Шинэ паспортыг итгэмжлэлээр захиалж буй иргэд эхлээд итгэмжлэлийн маягт бөглөн Монголд хүлээн авах хүнд итгэмжлэл олгон дараа нь шинэ паспорт гаргуулаад тухайн хүнээрээ дамжуулан олон улсын буухиа шуудангаар хүлээн авч байгаа.

Итгэмжлэл олгох замаар Улаанбаатар хотод паспорт захиалуулах тохиолдолд таны итгэмжлэлийг манай консулын ажилтан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар руу илгээдэг. Таны итгэмжлэгдсэн хүн уг итгэмжлэлийг Консулын газар өөрийн биеэр очиж хүлээн аваад Улаанбаатар хот дахь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хандан таны өмнөөс танд шинэ паспорт захиалах юм.

Ийнхүү итгэмжлэлээр паспорт захиалж байгаа тохиолдолд шинэ паспорт авахад тавигддаг хэмжээ, өнгө дүрсний чанар шаардлагыг сайтар хангасан өөрийн цээж зургийг итгэмжилсэн хүндээ файл хэлбэрээр нь цахим /и-мэйл/ аргаар илгээх шаардлагатайг анхаарна уу. Улаанбаатар хотод паспорт захиалах заавар, цээж зургийн шаардлага, үйлчилгээний үнийн талаар эндээс уншиж танилцана уу.

 

ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

Үндэсний энгийн гадаад паспортод сунгалт хийхгүй болсон нь орчин үеийн олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй агаарын тээвэр, хил, гаалийн хяналтын жишиг, стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, сүүлийн үед гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажлын нэг юм.

Жич: 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө хийгдсэн гадаад паспортын сунгалт хүчинтэй хэвээр байгаа болно.

Анхааруулга: Шинэ паспорт захиалах иргэд Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстой. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй эсхүл 16 насанд хүрсэн ч иргэний үнэмлэх аваагүй иргэдэд паспорт шинээр олгох боломжгүй.

Та бүхэн үйлчилгээ авахаар ЭСЯ-нд ирэхээсээ өмнө 0207-937-0150 (ext-15) утсаар, эсхүл консулын office@embassyofmongolia.co.uk цахим хаягаар урьдчилан холбогдож, цаг товлоно уу. Ингэх нь таны болон бусдын товлогдсон үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

Цагийн хуваарь: ЭСЯ-ны консулын хэсэг нь Визийн хэсгээс тусдаа бөгөөд нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрөөс бусад үед Даваагаас Баасан гарагт 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажилладаг.