МОНГОЛЧУУД НААДМАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд маань үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

ИБУИНВУ-ын Лондон болон Манчестер хотуудад суугаа иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагууд тус тус зохион байгуулсан бөгөөд нийтдээ 400 гаруй хүмүүс нэг дор цугларлаа. Мөн Ирландад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын наадам Дублин хотноо зохион байгуулагдаж 200 гаруй иргэд хүрэлцэн ирэв. Наадмуудын үеэр хүчит бөх, сурын харваа, шагайн харваа, хүүхдийн гүйлтийн уралдаанууд тус тус зохион байгуулагдаж, наадамчин олонд зориулсан үндэсний хоолны худалдаа явагдав.

Лондон хотноо болсон баяр наадмын арга хэмжээний үеэр Монгол хэлний сургалтын төвийн хүүхдүүд төрийн дууллаа дуулж сонирхуулсан бол үндэсний урлагийн Nomadic Tunes хамтлаг ая дуугаа өргөв. Дублин хотноо болсон наадмын үеэр босоо монгол бичгийг сурталчилж, цэвэр бичигтэн шалгаруулсан нь энэ жилийн наадмын содон үйл явдлаар нэрлэгдэв. Баяр наадмыг тохиолдуулан Лондон дахь Монгол хэлний багш Я.Болортуяаг Монгол Улсын Засгийн газрын шагнал – Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Манчестер дахь шагайн харваач Г.Амаржаргаланг Монгол Улсын Засгийн газрын шагнал – Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Дублинд дахь циркийн уран бүтээлч Б.Бурмааг Монгол Улсын Засгийн газрын шагнал – Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасныг Элчин сайдын яамны Элчин зөвлөх Б.Одонжил хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.     


Монгол хэлний сургалтанд хамрагдсан хүүхдүүд Монгол Улсын Төрийн дууллыг дуулав.

Д.Цэрэнбат ахлагчтай Nomadic Tunes хамтлаг ая дуугаа өргөлөө.

Монгол Үндэсний Шагайн харвааны гол өрсөлдөөн Лондон болон Манчестер хотуудаас ирсэн багуудын хооронд өрнөв.

Өнө эртний түүхт Монгол Үндэсний сурын харвааг сурталчилан танилцуулав.

Ирландын наадмын үеэр босоо Монгол бичгийн цэвэр бичигтнийг шалгаруулав.

Ирландын наадмын үеэр үндэсний цагаан идээ, Монгол хоолны худалдаа гарав.