‘МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД’ 13 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЛОНДОН ХОТНОО БОЛЛОО

Лондон дахь Элчин сайдын яам, Британи дахь Монголчуудын холбоо, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” сэдэвт хилийн чаад дахь монгол иргэдийн 13 дахь удаагийн чуулга уулзалт 4 дүгээр сарын 06-ны өдөр Лондон хотноо болов. Энэ удаагийн чуулга уулзалтад гадаадын 14 оронд ажиллаж, суралцаж байгаа нийт 80 гаруй иргэд оролцов.

Чуулга уулзалтын нээлтэд Элчин сайд С.Баяр үг хэлэхдээ “эх орноо хөгжүүлэхийн төлөө хүсэл, тэмүүллээр сэтгэлээ чилээн явдаг Монгол хүний өөдрөг сайхан сэтгэл энэхүү чуулганы эх үндэс байдаггэв.

Чуулга уулзалтын гол зочноор Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож хилийн чанад дахь Монгол иргэдийн талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 


Энэ удаагийн чуулга уулзалт “Монголын боломж” ерөнхий сэдвийн дор  дараах 3 салбар хуралдаанаар болов:

  1. “Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж”,
  2. “Мега төслүүд”,
  3. “Нийгэм Эрх зүйн төлөвшил”.

 

Чуулганд хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас гадна манай улсын нийгэм, эдийн засгийн төлөвийн талаар судалгаа хийдэг ОХУ, Австрали, АНУ-ын эрдэмтэд, судлаачид, “Монголын ардчиллын тэсвэр”, “Мега төслүүдийн төрөлжүүлэлтийг антропологийн үүднээс шинжлэх нь” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцов. 

Чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Будда Продакшн”, “Азаа студи” тус тус ажиллав.


Чуулга уулзалтын үеэр хилийн чанад дахь монгол иргэдийн зөвлөлийн хуралдаан ЭСЯ-нд болсон бөгөөд хуралдаанд Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны  газраас зохих танилцуулга хийж төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцов. “Монгол орны хөгжилд” ээлжит 14 дэх удаагийн чуулга уулзалтыг 2018 онд Берлин хотод зохион байгуулахаар товлосноор энэ удаагийн арга хэмжээ амжилттай өндөрлөв.