Лондонд морин хуурын ая, дуурийн дуу эгшиглэв

Лондон хотноо болж байгаа Монгол-Британий бизнессийн төлөөлөл оролцсон ‘Лондон Бизнес Форум’, хилийн чанад дахь монгол иргэдийн санаачилгаар жил бүрийн ‘Монгол орны хөгжилд’ 13 дахь удаагийн чуулга уулзалтын үйл ажиллагааны хүрээнд ‘ТАЛ НУТГИЙН САЛХИ’ сэдэвт соёлын арга хэмжээ ‘Asia House’ байгууллагын танхимд 4 дүгээр сарын 05-ны өдөр болж өнгөрөв. Энэхүү арга хэмжээг Элчин сайдын яам, Британи дахь Монгол Улсын Соёлын элч нар хамтран зохион байгуулсан бөгөөд 100 гаруй хүмүүс оролцов.

Соёлын арга хэмжээний нээлтэд Элчин сайд С.Баяр хэлсэнчлэн ийм арга хэмжээ нь хоёр орны ард түмэн улам ойртон дотносоход  чухал ач холбогдолтой юм. Элчин сайд “Asia House”-ийн Урлагын зөвлөлийн захирал Памела Кембераар уламжлан тус байгууллага хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.


Соёлын хөтөлбөрт морин хуурч, хөмийч Ц.Соёл-Эрдэнэ “Чингис хааны магтаал”, “Түмэн агтын төвөргөөн” зэрэг ая, дуу, Италид Улсад уран бүтээлээ турвиж байгаа дуурийн дуучин С.Аяана, Италийн дуучин Франко Серри, төгөлдөр хуурч Б.Мандахтуяа нар Монголын болон дэлхийн сонгодог дууны хэсгээс сонордууллаа.


Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Британий иргэн, Монголын Урлагийн зөвлөлийн олон улсын зөвлөх Сью Бөрнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасныг Элчин сайд С.Баяр гардуулан өгөв.

Түүнчлэн Монголын зураач, барималчдын уран бүтээлээс үзэгчид үзэж сонирхов.