Британийн парламентийн гишүүн, Гадаад худалдааны яамны байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга Марк Гарньер Монгол Улсад айлчлав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Британийн парламентийн гишүүн, Гадаад худалдааны яамны байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга Марк Гарньерыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж болон бусад асуудлыг хөндөв.

 

Ноён М.Гарньер нь санхүү, боловсрол, автомашин технологийн салбарыг хариуцдаг бөгөөд Зам тээврийн яамны удирдлагатай уулзаж, “Эрдэнэс МГЛ”, “Улаанбаатар БҮК” зэрэг компаниудад зочлон үйл ажиллагаатай нь танилцав.

Мөн тэрээр Монголын хөрөнгийн биржид зочлон хоёрдогч зах зээлийн арилжааг нээх ёслолд оролцохдоо тус биржийн Лондонгийн хөрөнгийн биржтэй тогтоосон хамтын ажиллагааг хөгжүүлэх, Британийн хөрөнгө оруулалтын сангуудыг Монгол улсад хөрөнгө оруулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж. МОНЦАМЭ, Монголын хөрөнгийн бирж