ЭЛЧИН САЙД С.БАЯР БРИТАНИЙН ПАРЛАМЕНТ ДАХЬ БҮЛГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд С.Баяр Британийн парламент дахь бүлгийн даргатай уулзав.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн дарга ноён Жэймс Грэй-тэй уулзав.

Элчин сайд С.Баяр уулзалтын эхэнд Лхагва гарагт Лондон хотноо парламентын ордны хажууд халдлага гарсанд харамсаж буйгаа дурдаад хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлэв. Мөн гэмт халдлагын дараа Британийн аюулаас хамгаалах болон хамгаалалтын алба, хууль сахиулах хүчин, түргэн тусламжийн албаны түргэн шуурхай зохион байгуулалттай ажиллагааг үйл явдалд ойр байсан хүний хувьд харж, өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ж.Грэй эмгэнэл илэрхийлсэнд талархаад шинээр томилогдсонд нь Элчин сайдад баяр хүргэв. Тэрээр Британи-Монголын парламентын бүлгийн даргын хувьд хоёр талын найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд нөхцөл бололцоо нь бүрдвэл Нийтийн танхимд “Монголын өдөр” гэсэн соёлын арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй явдагаа илэрхийлэв.