САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Элэг нэгт монголчууд та бүхэндээ билгийн тооллын 17 дугаар жарны айлчлан ирж буй “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн мэндийг хүргэе !

Улиран одож буй бичин жил маань монголчууд бидэнд ивээл буян жигд, ололт ухаарал тэнцүү сайхан жил байлаа.

Манан будантай Альбион гэгдэх энэ улсад байрлах элчин сайдын яам маань улиран одож буй бичин жилд суугаа болон хавсран суугаа орнуудтай тогтоосон найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллав. Монгол гэрийн маань босго даван орж ирж буй гал тахиа жил ч гэлээ Монгол-Британийн харилцаа хамтын ажиллагаанд үр өгөөжтэй жил болно гэдэгт итгэлтэй байна. Шинээр томилогдсон элчин сайдын хувьд үүний төлөө би зүтгэнэ.

Нүүдэлчин монгол ёсоороо усыг нь ууж, ёсыг нь даган аж төрж яваа суугуул орныхоо зан заншил, хууль журмыг эрхэмлэн хүндэтгэснээр үйлс маань ариун, хийморь маань өөдрөг байх болно.

Алс холын Альбионд оршин суугаа монгол ах, эгч, дүү нартаа эрүүл энх, аз жаргалтай явахын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Хүндэтгэн мэндчилсэн,

 

Монгол Улсаас ИБУИНВУ болон

Ирланд, Исланд Улсыг хавсран суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Лувсан овогтой Санжаагийн Баяр