Ч.Содномцэрэн: Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно

 |  Нийтэлсэн Б.Туул

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахыг дэмжсэн. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонгуультай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлолоо. Өмнөх жилүүдэд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гол төлөв зургадугаар сарын 29-нд товлож байсан, гурав хоногоор урагшилсан нь юутай холбоотой вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гол төлөв болдог. Сонгуулийн тухай хуулинд 150-иас доошгүй хоногийн өмнө сонгуулийн санал хураалтыг товлон зарлана гэж заасан. Тэрхүү хугацаа нь ирэх пүрэв гаригаар дуусч байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 28, 29-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно гэж заахаар 150 хоног гэдэг хуулиа зөрчих болж байгаа учраас олдсон хугацаа нь л тэр.

-Сонгуулийн нэгдсэн хуульд зөрчилтэй, эргэлзээтэй олон заалт бий гэж та өмнө нь хэлж байсан. Одоо энэ бүхнийг яаж зохицуулах вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулинд засахаас аргагүй зөрчил олон бий гэж өмнө нь би хэлж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар УИХ-д саналаа хүргүүлсэн ч цаг хугацаанд хавчигдаад хуулийн төслийг санаачлагчид нь буцаасан.

Тухайлбал, санал хураалт болохоос 120 хоногийн өмнө хийх ажил гэж байна. Жишээлбэл, сонгуулийн хэсгээ байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтаа гаргах, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Иймэрхүү хугацаатай ажлууд байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хуулиа буцааж, өөрчлөлтүүдийг дараа дараагаар хийхээр болж байна. Түүнчлэн найруулгын чанартай өөрчлөлтүүд нэлээн бий.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Жавхлан өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу, 45 нас өөрчлөгдөх үү?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг 45 болон түүнээс дээш насныхан нэр дэвшинэ хэмээн заасан байдаг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ босгыг барьж байсан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн байна” гэж заасан.

Гуравдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэдэг шаардлага байдаг. Энэ бол Үндсэн хуулийн заалт. Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ. Үүнийг мөн Үндсэн хуульд тодорхой заасан. УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдгийг Улсын дээд шүүх 2006 онд тайлбарласан. Уг тайлбарт “УИХ-д суудал авсан намыг хэлнэ” гэж заасан байгаа. Тийм учраас өөрчлөгдөх зүйл байхгүй.

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа өгөөгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгөх болж байна. Тэгэхээр ямар хуулийн зохицуулалт үйлчилнэ гэсэн үг вэ?

-Сонгуулийн одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд “Гадаадад байгаа эрх бүхий иргэд санал өгөх эрхтэй “ гэж заасан байдаг.  Тийм учраас гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авна. Тэдний саналыг авахын тулд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан комисс байгуулна. Мөн Дипломат төлөөлөгчийн газарт салбар комисс байгуулна. Тогтоолын төслөөр бол зургадугаар сарын 10-11-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

-Нэгдсэн хуулинд хилийн цэргийнхэн санал өгөхөөргүй туссан гэж ярьж байсан. Энэ асуудлыг зохицуулах боломж бий юу?

-2016 оны УИХ-ын сонгуулиар хилийн цэргийнхнийг зэвсэгт хүчинд алба хааж байгаа иргэдтэй адилтган авч үзэж сонгуулиа явуулсан. Энэ зохицуулалтаар явна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад зардал хэд гарах вэ?

-УИХ-аас 2017 оны төсвийн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг тэрбумаар бага гэсэн үг.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал