“МОНГОЛ УЛСТАЙ БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Doing business photo 1Монгол Британийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан “Монгол улстай бизнес эрхлэх нь” ээлжит уулзалт семинар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Brown Rudnick компанийн байранд боллоо.

Энэ удаагийн уулзалтад University College of London сургуулийн дэргэд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын эдийн засгийн талаарх судалгааны багийн судлаачид болох доктор Ребекка Эмпсон, доктор Д.Бум-Очир нар Монгол Улсын ирэх 4 жилийн эдийн засаг, хөрөнгө оруулагчдад энэ удаагийн сонгуулийн дүн хэрхэн нөлөөлж болох талаарх саналаа танилцуулснаас гадна Монгол судлаач Алан Сандерс Монгол Улсад 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дүн, шинэ засгийн газрын талаар өөрийн санал, бодлоо хуваалцлаа.

Монгол Улсад уул уурхайн салбарын үйлдвэрлэл Монголын Говийн бүс нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Дорноговь, Өмнөговь аймгуудад судалгааны ажил хийсэн Оксфордын их сургуулийн профессор, доктор Трой Стернберг танилцууллаа. Түүний ажигласнаар Монголчууд хэт суурин ахуйд дасаж, хүүхдийг бага наснаас сургуульд сургахаар сум, багийн төвд байлгах хэрэгцээг дагаад асран хамгаалахаар малчин айл хөдөө гэрээс гадна сум, аймагт гэр ахуй бэлдэх зэргээр өрхийн төсөвт, хүүхдүүд малын захаас холдоод үе залгамжлах малчин бэлтгэгдэхгүй болж байна гэсэн нь тун бодууштай санагдав.

Түүний дараагаар орчуулгын үйлчилгээ үзүүлэхэд анхаарах зүйлсийн талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Double Check Translation” компанийн захирал Chris Guinness танилцуулга хийлээ.

Энэ удаагийн уулзалт семинарт Монгол Улсаас “Бизнес мэдээллийн сан” ТББ-ын зохион байгуулсан бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд тус байгууллагын захирал И.Сэр-Од Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хөрөнгө оруулагчдын сонирхол татах зарим төсөл, Монголын бизнесийн хууль эрх зүйн орчны талаарх товч танилцуулга хийв.