БСШУЯ хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төслөөс

БСШУЯ хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх монгол сургууль, монгол хэлний багш нарт сурах бичиг, гарын авлага, хялбаршуулсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч байна. Үүнд:

o Эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр БСШУЯ-ны харьяа байгууллага болох Боловсролын хүрээлэнгийн “Үндэсний цөөнхийн хүүхдийн боловсрол” секторыг “Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор” болгон өргөтгөж, тус сектор нь хилийн чанадад байгаа монгол хүүхдүүд, оюутан суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох асуудлаар судалгаа хийх, бусад байгууллагатай хамтран ажиллах чиг үүргээр ажиллаж байна.

o Боловсролын хүрээлэнгээс хилийн чанадад суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, монгол ахуй, ёс заншил, зан үйлийн ойлголтыг таниулах, түүх, соёлын чиглэлийн суурь чадамж эзэмшүүлэх зорилго бүхий сургалтын хөтөлбөр, цахим сурах бичиг, гарын авлага зохиож байна. Цахим гарын авлагын эхийг зохиож, гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээс санал авч сайжруулан боловсруулах ажил 90 хувьтай хийгдэж байна.

o Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх, бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлж, онлайн сургалт тогтмол зохион байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

o Гадаад улс оронд сурч буй бага насны хүүхдүүд Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг үзэж судлах боломжийг бүрдүүлж БСШУЯ-ны цахим хуудсанд байршуулсан байна. Цаашид дунд болон ахлах ангийн сурах бичгийг мөн цахим хуудсанд байршуулахаар ажиллаж байна.

Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг доорх хаягаас татаж авах боломжтой.

http://www.meds.gov.mn/