“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД”, “МОНГОЛ УЛСЫГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ ХӨТӨЛБӨР” БАТЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1, 2 дугаар тогтоолоор “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр,Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр батлагдлаа.

“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн зорилгыг “Хилийн чанадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байна. Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах,  иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан байна. Мөн энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх гадаад сурталчилгааны чиглэлийг тодорхойлох, нэгдсэн зохицуулалттай, харилцан уялдаатай сурталчилгааны цогц механизмыг бий болгох, гадаад сурталчилгаа, соёлын харилцаагаар дамжуулан хоёр болон олон талын талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөр хөтөлбөрийн зорилго оршиж байна. Монгол Улс аюулгүй байдлаа баталгаажуулах, өөрийн улсын язгуур эрх ашгийг хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх гадаад бодлогын зорилтоо зөөлөн хүчний (soft power) зарчмаар хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгч байна. Зөөлөн хүч нь цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчээр давамгайлан шийдвэр гаргуулдаг хүчний тэнцвэр (balance of power)-ийн олон улсын харилцаанаас үндсээрээ ялгаатай бөгөөд тухайн улсын ард түмэн, тэдний үзэл бодолд өөрийн улсын талаар зөв мэдээллийг хүргэх гадаад сурталчилгаа юм.

Хөтөлбөрийг татаж авах:

1. Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр

2. Дэлхийн Монголчууд хөтөлбөр