“ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор “ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “BritishEdu” боловсролын байгууллагын санаачилгаар Лондон дахь Монгол сургалтын төвд зохион байгуулав.

 

Хэлэлцүүлэгт Элчин сайд Н.Тулга оролцож, Британид монгол хэл зааж буй багш нарын төлөөлөлтэй уулзаж, бага боловсрол нөхөн эзэмшүүлэх багшийн гарын авлагыг багш нарт гардуулан өглөө. Мөн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны дарга, ХБНГУ-ын Штутгарт хотын Монгол сургуулийн багш Ө.Оюунтүлхүүр хэлэлцүүлэгт видеогоор холбогдон оролцож, хилийн чанад дахь монгол сургуулиуд БСШУСЯ, ГХЯ зэрэг байгууллауудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар танилцуулан tsahim.reader.mn цахим сурах бичгийн талаар мэдээлэл хийлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр Манчестер дахь Монгол сургуулийн багш С.Мөнхтуяа, Ноттингхам дахь Монгол сургуулийн багш Д.Оюунчимэг, Лондон дахь Монгол сургалтын төвийн багш Д.Туяа нар монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж буй туршлагаасаа хуваалцахаас гадна “BritishEdu” боловсролын байгууллагын зөвлөх П.Ууганбаяр, Л.Эрдэнэчимэг нар эх хэлээ өвлүүлэн үлдээж буй бусад орны жишээний талаар илтгэл тавин эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Британи дахь монгол хүүхдүүдэд монгол хэл зааж буй багш, сургалтын төвүүд цаашид хоорондоо нягт уялдаатай ажиллах, туршлагаа харилцан солилцох талаар санал нэгдсэн нь хэлэлцүүлгийн нэг үр дүн байв. Цаашид хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулахаар болов.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.НАНДИНЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “MINES AND MONEY” УУЛ УУРХАЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 26-29-ны өдөр зохион байгуулагдсан “Mines and Money” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд оролцлоо.

 

Арга хэмжээний эхний өдөр зохион байгуулагдсан Монголын танилцуулах хэсэгт Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар нээлтийн үг хэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогч захирал Т.Цогтбаяр “Тавантолгой төслийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах бэлтгэл ажил”-ын талаар хуралд оролцогсдод зориулан танилцуулга хийв.

Түүнчлэн, энэ удаагийн арга хэмжээнд Монголын уул уурхайн салбарыг сурталчлан таниулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХК-ийн павиллион байгуулан оролцсон юм.

Айлчлалын хүрээнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид, Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн гүйцэтгэх захирал Дэвид Швиммер болон албаны хүмүүстэй ажлын уулзалт хийв. Уулзалтаар “Тавантолгой төсөл”-ийн 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах, олон улсын зах зээл дээр IPO хийх бэлтгэл ажлын талаар санал солилцов.

 

ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА MINEX EURASIA ФОРУМД ОРОЛЦОВ

Элчин сайд Н.Тулга Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан MINEX Eurasia уул уурхай, хөрөнгө оруулалтын форумд оролцож, Монгол Улсын эдийн засаг, улс уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар үг хэлэв.

Тэрээр үгэндээ, 2016 онд 1.2 хувьтай байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 3 дугаар улиралд 6.4 хувьд хүрснийг тэмдэглээд, гадаад орнууд, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргүүдийг амжилттай гүйцэтгэснээр Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг эерэгээр дүгнэсэн, олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Стандарт энд Пүүрс” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B- төлвөөс B тогтвортой болгон нэмэгдүүлээд байгааг дурьдан Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин улам таатай болж байгааг тэмдэглэв.

 

Улмаар тэрээр байгалийн арвин нөөцтэй манай оронд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад хандан уриалав.

Мөн уг форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөл оролцож, “Тавантолгой төсөл” болон “ЭТТ” ХК-ийн хийхээр төлөвлөж буй IPO-гийн бэлтгэл ажлын талаар танилцуулга хийв.

УТГА ЗОХИОЛ СОНИРХОГЧДОД

Монголын Зохиолчдын Эвлэл 90 жилийн ойгоо тохиолдуулан хэвлүүлэн гаргасан шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг”, “Монголын яруу найраг” зэрэг номыг сонирхсон иргэд ЭСЯ-ны и-мэйл хаягаар дамжуулж захиалга өгөх боломжтой.

“Утгын чимэг” ном нь 1990 оноос хойш зохиогдож ирсэн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын эхний таван байрны шилдэг бүтээлүүд болох 105 өгүүллэгийг багтаасан түүвэр ном юм (нимгэн хавтастай, 376 хуудастай, А5 хэмжээтэй, үнэ: 20 000 төгрөг).

 

“Монголын яруу найраг” (The anthology of Mongolia poetry) ном нь англи хэл дээр хэвлэгдсэн, Монголын соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдарж, Ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, Д.Цоодол, Ш.Дулмаа зэрэг 112 яруу найрагчдын шилдэг бүтээлүүдийг багтаасан байна (нимгэн хавтастай, 243 хуудастай, В5 хэмжээтэй, үнэ: 10 000 төгрөг).

 

ОЛОН УЛСЫН “НОГООН АЛИМ” ШАГНАЛ АВАВ

Хүрээлэн буй орчныг хамгаалах сайн туршлагуудад олгодог Олон улсын “Ногоон алим” шагналд шалгарсан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шагналыг тус яамны сайд Н.Цэрэнбатын хүсэлтээр Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Уэстминстерийн ордонд очиж хүлээн авлаа.

 

Энэхүү шагналыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  шинэ залуу үеийнхний байгаль орчинд хандах хандлагад эерэг өөрчлөлт оруулах, яамны хүрээлэн буй орчин, экологийн талаарх бодлогыг сурталчилан таниулах зорилгоор хэрэгжүүлсэн “Ногоон паспорт” санаачилгад олгож байгаа ажээ.

ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Н.Тулга Монгол Улс ИБУИНХУ хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Цог жавхлант Хатан хаан Итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад Элчин сайдыг дахин томилогдон ирж байгаад баяр хүргэн ажлын амжилт хүсэж хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.   

ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА БРИТАНИЙН ГХХНЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН САЙД МАРК ФИЙЛД-ТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ГХХНЯ-ны байранд Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Фийлд-тэй уулзав.   

М.Фийлд Элчин сайдад дахин томилогдсонд баяр хүргээд хоёр орны эдийн засгийн харилцаа уул уурхайн хөрөнгө оруулалт, Хөрөнгийн бирж, Кембрижийн хөтөлбөр, Чивнингийн хөтөлбөр зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд Монгол Улс ардчиллын замыг сонгож бүс нутагтаа жишээ болж байгаад Их Британи талархдагийг тэмдэглэв.

Элчин сайд Британийн зүгээс эдийн засгийн болон бусад салбарын харилцаанд ач холбогдол өгч байгааг талархан тэмдэглээд хоёр талын бизнесүүдийг холбох гүүр нь болж ажиллана гэдгээ илэрхийлэв.  

“ОЮУНЛАГ ОРШИХУЙ” УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛОВ

Британи дахь Монголчуудын холбооны санаачилгаар анх зохион байгуулагдсан “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын 46 дугаар уулзалт ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЭСЯ дээр зохион байгуулагдав. Энэ удаагийн уулзалт ярилцлагад “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу оролцож, Буддын шашны үнэт зүйл, ёс суртахуун, бясалгалын онолын талаар яриа хийв. Уулзалтад Британид оршин суугаа 50 гаруй монгол иргэд оролцож, бясалгалын онолын суурь, шүтэн барилдлагын учир утгын талаар мэдээлэл авлаа.

“MONGOLIAN COMMUNITY ORGANIZATION” БАЙГУУЛАГДСАНЫ НЭГ ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

Британи дахь монгол хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, тэдэнд уламжлалт зан заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан “Mongolian Community Organization” 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн ойн баяраа тэмдэглэв. Тус төвд суралцагч хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй Элчин сайд Н.Тулга уулзаж, төвийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Лондон хотноо ажлын айлчлал хийв

УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн урилгаар 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Лондон хотноо ажлын айлчлал хийв. Энэ нь Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн төлөөлөгчдийн Монгол Улсад 2017 оны 11 дүгээр сард хийсэн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд УИХ-ын төлөөлөгчид Британийн парламентын Нийтийн танхимын дэд дарга хатагтай Роузи Уинтертон-д бараалхаж, Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Британийн ГХХНЯ-ны Ази Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Фийлд, Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах Худалдааны элч Жулиан Найт нартай уулзаж Лондонгийн хөрөнгийн биржэд зочлов.

УИХ-ын төлөөлөгчидтэй Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга Жон Гроган тэргүүтэй тус бүлгийн гишүүд уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Британийн парламентын Нийтийн танхимд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам (ГХХНЯ)-ны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаар “Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай” асуултад Британийн Гадаад хэргийн Төрийн сайд хариулт өгсөн хуралдааны үйл ажиллагааг төлөөлөгчид мөн сонирхов.     

Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн найрсаг харилцааг бэхжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахад зохих хувь нэмэр оруулав.

1 2 3 4 5 29