Элчин сайдын ээлжит уулзалтын зар

Элчин сайд Б.Алтангэрэлийн Британид ажиллаж амьдарч  суралцаж буй Монголчуудтай хийх ээлжит 3-р уулзалт 2011 оны 3 сарын 28-ны Даваа гарагт 19:00-21:00 цагуудын хооронд болно.

Уулзалтаар Монгол орны эдийн засаг улс төрийн байдал болон элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийн иргэдийн сонирхосон асуултад хариулна.

Та бүхнийг цагаас хоцролгүй ирж уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаяг: 51 Pillbeach Gardens, Earls Court, SW5 9EB

Уулзалттай холбогдуулан асууж лавлах зүйлсийг 075 4099 6464 утсаар авна уу!

ИРГЭДЭД УРИАЛГА: “ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭД ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ”

Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10/А17/А128 дугаар бүхий хамтарсан тушаалаар “Хилийн чанадад амьдарч байгаа Монгол иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх тухай” журам батлагдав. Энэхүү журам гарсантай холбогдуулан   хилийн чанадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болов.

Хүний хөгжил сангийн тухай хууль, “Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам” батлагдан 2010 оноос иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан хишиг, хувь иргэдэд олгож эхэлсэн билээ.

» Read more

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Хатагтай, ноёд оо,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор хуран цугларсан Та бүхэнд чин сэтгэлийн мэнд хүргэе.

Чуулга уулзалтыг зохион байгуулах ажилд идэвхи зүтгэлтэй оролцож буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

Та бид жил бүрийн эхний улиралд хөгжлийн бодлогын асуудлаа хэлэлцдэг сайхан уламжлал тогтож эхэллээ. Энэхүү чуулга уулзалт нь эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох нэгэн зорилгод чиглэгддэг. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт төдийгүй иргэдэд өгөөжтэй юм.

Эдийн засгийн чуулганыг ийнхүү өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нь нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан явагддаг болж байгаагийн томоохон илрэл юм.

Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг “БИД ХАМТДАА ЧАДНА” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийн засаг зэрэг улс орны амьдралын нэн чухал асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна.

Тухайлбал бизнесийн орчныг шинэчлэх жилийн хүрээнд олон ажил хийлээ. Энэ нь хувийн хэвшлийн салбарын боломжуудыг нэмэгдүүлсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж, онлайн хэлбэрт шилжүүлж эхлээд байна. Тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг хангахын тулд говьд Засгийн газрын хуралдаан зохион байгуулж цөлжилтийн эсрэг тусгай хөтөлбөр батлан, “Говийн уриалга” гарган хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс өрсөлдөх чадварын судалгаагаар дэлхийд 117 дугаар байрнаас 99 дүгээр байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй  улс орнуудын эгнээнд орлоо.

Бидний туулах зам урт, хүрэх оргил өндөр, хийх ажлын цар их, хүрээ өргөн. Тиймээс хүний хөгжлөөр, өрсөлдөх чадвараар, нэг хүнд ногдох орлогоор богино хугацаанд томоохон ахиц дэвшил гаргахын тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, хамтдаа эрчимтэй урагшлах нь бидний гол зорилго юм.

Иймээс энэ жилийн Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг бидний амьдралд тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Монгол Улсын хөгжлийн бодлогын төвд нь хүн байх учиртай. Эдийн засгийн өсөлт нь эцсийн эцэст монгол хүний хөгжил түүний сайн сайханд зориулагдах учиртай. Монгол хүнийг хөгжүүлэхийн тулд дараах 4 чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.

Нэгдүгээрт, засаглалыг сайжруулах ёстой. Засаглал зөв бол хөгжил нь зөв байх учиртай. Засаглалын механизм зөв зохион байгуулагдсан оронд нийгмийн хөгжил нь хурдацтай, баялгийн хуваарилалт нь оновчтой, иргэд нь амгалан тайван байдаг. Засаглалын механизмийг зөв төлөвшүүлж сайжруулснаар эрх мэдлийг зөв хуваарилж, улс төрийн намуудын эрх үүргийг тодотгон, ардчилалын сонгодог хэлбэрийг бий болгож, иргэдийн оролцоо, төрийн зохицуулалтыг тэгш хангах нөхцөл бүрдэх юм.

Хоёрдугаарт, хөгжлийн стратеги чиглэлийг зөв тодорхойлох нь нэн чухал. Монгол Улсын хөгжлийн стратеги бол өнөөгийн бодит байдалд тулгуурлан ойрын болон урт хугацаанд улс орноо хөгжүүлэх дэс дараатай, алсыг харсан, цогцоор төлөвлөсөн бодлогуудын багц юм. Энэ нь зөвхөн өөдрөг мөрөөдлийн хэлхээс биш бодит тооцоонд эрэмблэгдсэн бодлогын цогц нэгдэл байх учиртай.

Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэгдсэн хүрээнд авч үзэн зангидаж, хөгжлийн тэргүүлэх чиглэл рүү чиглүүлдэг механизм хэрэгтэй байна. Ингэснээр төрийн зохицуулалт жинхэнэ утгаар зөв болж, бүх зүйлийг төр дангаараа хариуцах бус, харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны оновчтой хэлбэр тогтох боломж бүрдэнэ.

Гуравдугаарт, хүний хөгжлийг хангахад бүх бодлого чиглэх учиртай. Монгол хүний боловсрол, мэдлэг, ур чадварыг эрс дээшлүүлж байж л бид улс орноо хөгжүүлнэ. Өнөөгийн байдлаар “Хүнээ хөгжүүлэх асуудал” нь манай нийгмийн тулгамдсан томоохон асуудал болоод байна. Хүнд бэлэн юм өгөхөөс илүү баялгийг хэрхэн бүтээх аргыг нь зааж өгөх чухал гэдэг.  Иймээс цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэл бүх шатанд хөгжлийн өнөөгийн хэрэгцээнд нийцсэн боловсрол, мэдлэг олгож байх шаардлага тулгамдаж байна. Тиймээс бидний өмнө тулгамдаад буй энэ асуудлын гарцын талаар өнөөдөр та бүхэн нээлттэй хэлэлцэж шийдлийг нь зөв тодорхойлно гэдэгт найдаж байна.

Дөрөвдүгээрт, дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарал тавьж байна. Учир нь уул уурхай, аялал, жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, бүсчилсэн хөгжлийн ирээдүй дэд бүтцээс шууд хамаарна. Иймээс энэ удаагийн хуралдаанаар дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд анхаарч үзэхийг хүсч байна.

Манай улсын хөгжлийн энэ тааламжтай цаг, боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Засгийн газар, Улсын Их Хурал бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, Хөгжлийн банк болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслүүдийг бүрдүүлж эхлээд байна.

Бид урагш ахихын тулд хаана яваагаа зөв тодорхойлох нь чухал байна. Тэгвэл Дэлхийн банкны гишүүн 213 орныг хамруулсан орлогын ангиллаас авч үзвэл (Дэлхийн банкны Атласын аргаар тооцсон) нэг хүнд 1630 ам долларын орлого ногдож байгаа гэсэн үзүүлэлтээр манай улс “Дунд орлоготой орнуудын доод ангилал”-д, хөгжиж буй 56 улс орнуудын хамт багтаж байна. Энэ нь  бага орлоготой улс орнуудаас нэг хүнд ногдох орлогын үзүүлэлтээрээ 1.6 дахин өндөр, харин дунд орлоготой улс орнуудын орлогын түвшнээс 2.4, өндөр хөгжилтэй улс орнуудын орлогын түвшнээс 7.5 дахин бага орлоготой гэсэн үзүүлэлт юм.

Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны хөгжлийн зорилт бол Дунд орлоготой орнуудын дээд ангилалд багтах (энэ шатны 56 улс орны эгнээнд), улмаар Хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй улс орнуудын эгнээнд  (эхний 85 улс орны эгнээнд) багтан ороход оршино.

Үүнийг хэрэгжүүлэх бодлого, зорилт, шаардагдах цаг хугацаа, тодорхой алхамуудыг төр засаг, хувийн хэвшил, манай эрдэмтэн судлаачид, харилцан зөвлөлдөж, тодорхой шинжилгээ судалгааны үндсэн дээр тооцон гаргаж, стратегийн төслийг хамтран хэлэлцэх нь зүйтэй.

Бид шилжилтийн тухай 20 жил ярилаа. 2000 оноос хүн амын ядуурлыг бууруулах талаар олон хөтөлбөр, бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Гэвч шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд манай ядуурлын түвшин мэдэгдэхүйц буураагүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 8 жилийн дунджаар 7.0 орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байсан боловч ард иргэдийн амьжиргаа, ядууралд дорвитой өөрчлөлт гарсангүй.

Ийм учраас Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ээр зарлаж, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

Чуулганы нийт оролцогчид оо,

“Илүү өндөр бүтээмжтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ” гэсэн бодлого, хөгжлийн шинэ загварын тухай ярих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго билээ. Энэ бол зөвхөн бидний өмнө бус, нийт дэлхийн өмнө тулгамдаж байгаа асуудал юм. Давосын эдийн засгийн форум, Вашингтоны Их 20-ийн уулзалт, Их-20-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын Парисын уулзалтын сэдвүүдээс үүнийг тодорхой харж болно.

Манай хоёр хөрш ч мөн адил ойрын жилүүдийн хөгжлийн зорилт, стратегиа цаг үеийн алхаатай нийцүүлэн шинэчлэн тодотгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, хуралдаан зохион байгуулж байна.

Дэлхийн банк, Олон улсын Валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд ч дэлхийн хөгжлийн цаашдын бодлого, концепцийн талаар онолын болон практикийн хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, ОУВС-аас санаачлан М.Спенсе, Ж.Штиглиц, О.Бланчард, Д.Ромер зэрэг өнөөгийн шилдэг эдийн засагчдийн төлөөллийг оролцуулсан “Хямралын дараах макро болон хөгжлийн бодлогууд” сэдэвт хэлэлцүүлгийг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн түвшинд хөгжлийн чиг хандлага хааш чиглэж байгаа, ямар эрсдэл тулгарч болох, түүнээс хэрхэн сэргийлэх арга замын талаар олон улсын шилдэг судлаач, эрдэмтэдийн зөвлөмж, хэлэлцүүлгийг бид бүх түвшиндээ байнга, анхааралтай сонсон судалж, үйл ажиллагаандаа үлгэр жишээ болгон тусган хэрэгжүүлж байх шаардлагатай.

Хөгжлийнхөө гараанд ирээд байгаа Монгол Улс урт хугацааны хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэл, өсөлтийн бодлого, загварыг тодорхой болгож, өнөөгийн өөрчлөгдөж буй гадаад, дотоод орчин нөхцөлдөө нийцсэн байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байна.

Иймд харьцангуй бодит хөрсөнд нийцсэн, амьдрах чадвар бүхий хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлохын тулд улс орны эдийн засгийн бүтэц, шинж чанар, бодлогын орчин нөхцөл, гадаад хүчин зүйлсийг зөв тооцон тодорхойлох учиртай.

Гэхдээ хөгжлийн загвар, бодлогоо ямар байдлаар тодорхойлохоос үл хамааран дунд болон ойрын хугацаанд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих бэлтгэл ажлууд бий. Эдгээр нь мэдлэг чадвар бүхий, ёс зүйтэй ажиллах хүчнийг бэлтгэх, дэвшилтэт шинэ технологиос суралцаж нэвтрүүлэх, эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогыг эмх цэгцтэй, тууштай удирдан авч явах чадвар бүхий сайн засаглалыг хөгжүүлэх явдал болно.

Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газраас баталсан олон хөтөлбөр, төслүүд бидэнд байна. Харин эдгээр олон зорилтыг ямар санхүүгийн эх үүсвэрээр, ямар цаг хугацаанд, хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар цэгцтэй бодож, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг олон улсын стандарт жишиг, туршлагын дагуу хэрэгжүүлдэг байх цаг нэгэнт иржээ.

Та бүхнийгээ чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэж байна.

Монгол Улсын хөгжлийн зөв зам гарцыг тодорхойлцгооё. Иргэн бүрт хөгжлийн тэгш боломжийг бий болгоцгооё.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

2011.03.02.                                         Төрийн ордон

SOCIAL AND ECONOMIC SITUATION OF MONGOLIA (As of the first 10 months of 2010)

I. Social indicators

In the first 10 months of 2010, the number of live births decreased by 2236 to 55453, the number of mothers delivered children decreased by 2246 or 3.9 percent to 55244, compared to the same period of the previous year. In the first 10 months of 2010, child mortality aged 1-5 increased by 101 or 52.9 percent to 292; while infant mortality decreased by 39 or 3.5 percent to 1083, the number of maternal deaths by 17 or 44.7 percent to 21, compared to the same period of the previous year. The number of unemployed who had registered at Labour and Welfare Service Divisions in aimags and capital city and were actively looking for job reached 40316 at the end of October, 2010, reflecting a increase of 711 persons or 1.8 percent, compared to the same period of the previous year. Compared to the same period of the previous year, the increase in the number of unemployed was mainly due to the increase in Dornod (238 persons), Khentii (267 persons), Dundgovi (280 persons), Khovd (292 persons), Arkhangai (306 persons), Tuv (314 persons), Dornogovi (348 persons) and Zavkhan aimags (947 persons), respectively. » Read more

Тони Блейр монголчуудад захидал илгээжээ

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрээр дамжуулан монголчуудад захидал илгээжээ. Тэрээр захидалдаа “Өнөөдөр миний бие та бүхэнд хандаж үг хэлэх завшаан олгосонд гүнээ талархаж байгааг хүлээн авна уу. Хэдийгээр би өөрийн биеэр энэ удаа хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн хэдийч, ойрын ирээдүйд Монгол Улсад айлчлан очно гэдэгт итгэлтэй байна. Энэ тэргүүнд Монгол Улсын Төр засаг, ард иргэдийг өөрийн олон зуун жилийн  бахархалтай түүхийн нэгэн тэмдэглэлт оныг угтаж буйд баяр хүргэе.

Энэ онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монголын Тулгар Төр байгуулагдсаны 2220 жилийн давхар ойг та бүгд тэмдэглэж байгаа билээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай ололт амжилт юм. Тиймээс энэхүү 21-р зууны хоёр дахь арван жилд  Монгол Улс нь өөрийн хөгжил замналын ээдрээтэй уулзварын өмнө ирээд буй энэ үед ялгуусан түүхээ тэмдэглэхийн сацуу тэмүүлэх ирээдүйгээ тодорхойлох цаг болсон байна. Энэхүү цаг мөч нь үсрэнгүй өсөлт, цэцэглэсэн хөгжил дэвшилд хүрэх агуу их боломж, бололцоог олгож байна.  Өнөө үед Дэлхий дахинаа Монгол Улсыг ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд тайвнаар амжилттай залуурдан шилжсэн Төв Азийн үлгэр жишээ орон хэмээн харж байна. Монгол орон өвөрмөц газар зүйн болон цаг уурын нөхцөлтэй төдийгүй өөрийн газрын эрдэс баялагыг хүртээмжтэй, тулхтай хөгжил болгох асар том сорилтын өмнө зогсож буй явдал нь үнэхээр санаа алдуулж, сэтгэл хөдөлгөм байна. Эрдэс баялаг нь тухайн улсын хөгжлийн мандан бадрал, уналт доройтлын аль нэгний эх үүсвэр болсон 2 тод жишээг бид бүхэн сайн мэдэх билээ. Танай төр засаг эдгээр эндэж болзошгүй эрсдэлийг эртлэн мэдэрснийг миний бие ойлгож та бидний өмнө тулгамдсан нэн чухал 3 асуудлыг дурьдахыг хүсч байна.

» Read more

Гадаадад амьдарч, ажиллаж буй иргэдийг 2011 оны 4 дүгээр сарын 1-нээс иргэдийн шинчилсэн бүртгэлд хамруулж эхэлнэ

Гадаадад амьдарч, ажиллаж буй иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгийн ярилцлагыг доорхи холбоолтуудаас үзнэ үү.

Эхний хэсэг

Төгсгөл хэсэг

ЭЛЧИН САЙД УГСАРДАГ ТӨМӨР ГҮҮРНИЙ ҮЙЛДВЭРТ ЗОЧЛОВ

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл Уэльс мужид байрлах Мабей бридж угсардаг төмөр гүүрний үйлдвэрт зочлов. Тус компани нь төмөр гүүр угсрах 150 жилийн түүхтэй бөгөөд богино хугацаанд, олон зориулалттай төмөр гүүр угсрах технологиор дэлхийд тэргүүлдэг.

Тус компани дэлхийн 115 оронд  янз бүрийн зориулалт бүхий урт, богино, хүнд, хөнгөн даацын угсардаг гүүрийг барьж ашиглалтад өгсөн туршлагатай бөгөөд мөн байгалийн гамшиг, цэргийн үйл ажиллагааны явцад хэрэглэх богино хугацааны төмөр гүүрийг ч барьдаг юм байна.

Гүүрийн урт, өргөн, даац, зориулалтаас шалтгаалан тус компаний 4 технологийг хөгжүүлж ирсэн бөгөөд 20 метрээс эхлээд 1 километр хүртэлх урттай гүүрийг маш богино хугацаанд барих, буулгах, барьсан гүүрийг буулгахгүйгээр даацыг нэмэгдүүлэх бололцоотой нь энэхүү технологийн гол онцлог юм байна. 80 хүртэлх метр гүүрийг ямар нэг тулгуур баганагүйгээр байгуулах бололцоотой нь энэхүү гүүрний бас нэг давуу тал юм байна.

Бүх бэлтгэл ажлыг урьчилан хангасан нөхцөлд 40 метр урттай 15 метр өргөнтэй төмөр гүүрийг 2 хоногийн дотор угсрах бололцоотой ажээ. Гүүрийн бүх эд ангиуд маш сайн чанарын гангаар, тусгайн технологийн дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд бат бэх чанар хангагдсан, цаг агаарын хүнд нөхцөлд тэсвэртэй, зэврэлт элэгдэлтээс хамгаалагдсан байх ба эд ангиуд нь 40 тоннын стандарт чингэлэгт багтахаар бүтээгдсэн байна. Онц байдал, байгалийн гамшгийн үед эвдэрч гэмтсэн дэд бүтцийн сүлжээг энэхүү гүүрийг ашиглан богино хугацаанд сэргээх боломжтой юм байна.

Монгол Улсын гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, гадаад орнуудын тэргүүний технологийг судлах, нэвтрүүлэх зорилтын хүрээнд энэхүү угсардаг гүүрийг Монгол Улсад нийлүүлэх боломжийг судлан манай холбогдох яамтай ажиллаж байгаа болно.

АНГЛИЙН СУРАГЧИД ЛОНДОН ДАХЬ ЭСЯ-НД ЗОЧЛОВ

Парк Хаус ахлах сургуулийн захирал Д.Пийпл, сургуулийнхаа 3 багш, 8 сурагчийн хамтаар Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-нд 2 дугаар сарын 16-нд зочлов. Тус сургууль нь манай Олимпийн аварга, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы суралцаж төгссөн 79 дүгээр сургуультай шейфийн холбоо тогтоон ажиллаж байгаа юм. Лондон хотноо 1 дүгээр сарын 14-19-нд болсон Британийн зөвлөл, БиБиСи-тэй хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийн Олимпийн мөрөөдөл” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 79 дүгээр сургуулийн төлөөлөгчид ирж оролцон энэ үеэр эдгээр сургуулийн хооронд шейфийн холбоо тогтоосон.

Элчин сайд Б.Алтангэрэл Парк Хаус сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзах үеэрээ: “Та бүхэн бол Монгол-Британийн харилцааны сайхан ирээдүй. Иргэд хоорондын харилцаа аливаа харилцаа, хамтын ажиллагааг илүү агуулгатай, ойр дотно болгодог учраас ЭСЯ-ны зүгээс ихээхэн ач холбогдол өгдөг юм. Лондонд болох Олимпийн тоглолтын үзэл санааг дэлгэрүүлэх, ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгын дор манай 79 дүгээр сургууль болон Английн Парк Хаус сургууль хооронд харилцаа, холбоо эхэлж байгаа ч та бүхний ойр дотноо нөхөрлөл үүнээс урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна”  хэмээн онцлон тэмдэглэв.

Англи сурагчдыг ЭСЯ-нд зочлох үеэр хоёр сургуулийн хооронд интернет ярилцлага зохион байгуулав. 79 дүгээр сургуулийн захирал Д.Болд, багш Ц.Лхамсүрэн, сурагч Г.Амаржаргалан нар өнгөрсөн 1 дүгээр сард Англид ирснээсээ хойш англи шинэ найз нартай интернетээр дахин уулзсан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо. Интернет ярилцлагын үеэр хоёр сургуулийн төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд сургууль бүрдээ зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцож ярилцахын зэрэгцээ интернет ярилцлагыг тогтмол зохион байгуулахаар тохиров.

Энэ дашрамд дээрх төсөл хөтөлбөрт 79 дүгээр сургуулийг хамруулж оролцуулах асуудлыг ЭСЯ-ны зүгээс өнгөрсөн жил санаачлан тал бүрийн дэмжлэгийг үзүүлж ажиллаж ирснийг тэмдэглэж байна

АНХААРУУЛГА

Манай иргэдийн олноор уншдаг  www.news.mn цахим мэдээний 2 дугаар сарын 7-ны өдрийн “Есөн монгол залуу хоригджээ”гэсэн нийтлэл үнэнд үл нийцэх мэдээлэл болохыг  Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ албан ёсоор мэдэгдэж  байна.
Уг мэдээг сурвалжлагч Д. Долгор гэх хүн бичсэн бөгөөд мэдээллийн сурвалжийг  Британи улсад суралцдаг оюутан Б.Буянбатаас авсныг дурджээ. ЭСЯ-наас Б.Буянбаттай холбогдож энэ тухай тодруулахад тэрбээр энэ төрлийн мэдээллийг ямар нэгэн хэвлэлд өгөөгүй болох нь нотлогдсон болно.
Гадаад харилцааны яамны Консулын газраас дээрх мэдээллийн дагуу 2 дугаар сарын 10-ны өдөр залруулга хийж байр сууриа илэрхийлсэн бөгөөд ИБУИНВУ-д сурч, амьдарч байгаа манай иргэд энэ төрлийн ташаа мэдээлэлд автахгүй байх, бодит мэдээллийг ЭСЯ-наас тодруулж байхыг энэ дашрамд зөвлөж байна.

ЭЛЧИН САЙДЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Британи, Ирланд, Исландад амьдарч, ажиллаж, суралцаж буй нутаг нэгт нийт монголчууддаа ирж буй 2011 оны шинэ жилийн мэнд дэвшүүлж, шинэ ондоо та бүхний ажил үйлс өөдрөг байж, санасан зүйл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

Өнгөрч буй 2010 онд тус ЭСЯ Монгол Улсаас Британи, Ирланд Исландтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлсэнээс гадна эдгээр улсад эх орноо сурталчлах, энд амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ. Эдгээр арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн иргэд, байгууллагад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхны бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСААС ИБУИНВУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД      Б.АЛТАНГЭРЭЛ

 

1 27 28 29 30 31 33