МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийн  5.1.8-д “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг тууштай хамгаална” гэж  заасан.

Xилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилтын хүрээнд ИБУИНВУ-д суугаа ЭСЯ иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах, иргэд элдэв аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд иргэний байдлын бүртгэл, нотариат, консулын үйлчилгээг шуурхай үзүүлж ирсэн. Цаашид ч үзүүлэх болно.

Сүүлийн үед Лондон дахь ЭСЯ Британид хууль бусаар амьдарч байгаа монгол иргэдийг Британийн Дотоод хэргийн яаманд барьж өгч байна гэх, Лондонгоос Монгол руу иргэдийн ачаа, барааг тээвэрлэдэг “Монгол Брийж” компанийн буруутай үйл ажиллагааг  ЭСЯ-тай болон дипломат ажилтнуудтай нь холбон ярих зэрэг цуурхал мэдээг зарим этгээдүүд санаатайгаар тарааж байгааг тус ЭСЯ эрс буруушааж байна.

ЭСЯ-ны үйл ажиллагаанд хууль бусаар халдаж ЭСЯ-ны нэр хүндийг гутаах оролдлого хийж байгаа этгээдүүдийн явуулгад автахгүй байх, аливаа мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны ажилтнуудаас биеэр болон утасаар шууд авч байхыг тус улсад амьдарч, ажиллаж буй иргэддээ анхааруулж байна.
ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ
2011-10-28

Жич: ЭСЯ-тай холбоо барих утас: 02073680922, 02073680920

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оксфорд хотод зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британид хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Оксфорд хотод зочлов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус хотын дарга хатагтай Элис Бенжамин хүлээн авч мэндчилэн хотынхоо талаар товч танилцууллаа. Оксфорд хот нь олон зууны түүхтэй, аялал жуулчлал өргөн хөгжсөн хот учир улсаас авдаг татаасаа жилээс жилд багасгаж, өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууц, цахилгаан хангамж, хурдны зам, тээврийн асуудлаа шийдэж байгаагаа хотын дарга танилцуулав. Оксфорд хотод Их Британидаа тэргүүлэх томоохон номын сан байдгаас гадна дэлхийд алдартай Оксфордын их сургууль байдаг. Хотын нийт 180 мянган хүний 40 мянга нь оюутан ажээ.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оксфордын их сургуулийн Бодли номын санг үзэж сонирхлоо. Тус номын сангийн захирлын танилцуулснаар, 1602 онд ноён Бодли энэхүү номын санг байгуулжээ. Одоо нийтдээ 11 сая номтой, зөвхөн номын тавиур нь 190 км урт ажээ. Уг номын санд хадгалагдаж буй Монголын түүх, бичиг соёлын дурсгалтай холбоотой хэсгээс дэлгэн үзүүллээ. Энд монгол бичгээр бичсэн бясалгалын судар, түвд, монгол хэлээр хэвлэсэн ном, Хүлэг хааны үеийн аялагчдад зориулан араб хэл дээрх Монголын тухай тайлбар боть зэргийг үзүүллээ. Энэ салбар л гэхэд нэг сая номтой ажээ. Энэ оны хичээлийн жилд монгол хэл судлахаар 12 оюутан шинээр элсээд байгааг энэ үеэр тэнд хүрэлцэн ирсэн тус их сургуулийн Дорно дахин судлалын коллежийн багш судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид дуулгав.

 

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оксфордын их сургуулийн удирдлагатай уулзаж ярилцав. Оксфордын их сургууль нь дэлхийд хамгийн эртний сургуулийн нэгд тооцогддог бөгөөд 915 оны үед байгуулагдсан ажээ. Тус их сургууль бие даасан 38 коллежтой, 20 гаруй мянган оюутантай, суралцагдын 20 хувь нь гадаадын оюутан юм байна. Өнөөг хүртэл Монгол Улсын 6 иргэн Оксфордын их сургууль төгссөн бол одоо 2 оюутан дипломын дараах сургалтад сурч буй ажээ.

Их Британийн одоогийн Ерөнхий сайд Дэвид Камеронаас эхлээд Британийн 27 Ерөнхий сайд Оксфордын их сургууль төгссөнийг  тус их сургуулийн удирдлага, оюутнууд  бахархан танилцуулж байв. Ирэх оны хичээлийн жилээс мөн улс төр судлалын ангийг шинээр нээх гэж буй.  Тус их сургуулийн дэргэд 108 жилийн түүхтэй сайн дурын үүсгэл санаачилгын үндсэн дээр ажилладаг Оксфордын холбоо байдаг. Холбооны гишүүдийн дийлэнх нь тус сургуулийн оюутнууд бөгөөд долоо хоногийн баасан гариг бүр чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм байна.

“Оксфордын холбооны нийгэмлэг” буюу ихэвчлэн “Оксфордын холбоо” гэж нэрлэгддэг тус байгууллага нь 1823 онд оюутнуудын санаачилгаар байгуулагдсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  лидерүүдийн мэтгэлцээний  байгууллага юм. Британидаа хоёрт орох хамгийн урт удаан хугацаанд ажиллаж буй тус мэтгэлцээний байгууллага нь дэлхийд өндөр чансаатай сургалт, мэтгэлцээн зохион байгуулж үе үеийн нэртэй улс төрчдийг чадавхижуулж, төлөвшүүлж ирсэн байгууллага юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг BBC телевиз “Hard Talk” нэвтрүүлэгтээ зочноор урилаа

Их Британи Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БиБиСи телевизийн “Хард Ток” нэвтрүүлэгт уригдаж, ярилцлага өглөө. Хард Ток буюу (Hard Talk) “Хэцүү яриа” нэвтрүүлэг нь 1997 оноос хойш BBC телевизийн хамгийн их үзэгчидтэй нэрд гарсан нэвтрүүлгүүдийн нэг болсон бөгөөд хагас цагийн турш халз ярилцлагын хэлбэрээр явагддаг юм.

Энэ нэвтрүүлгийн үе үеийн хөтлөгчид нь “BBC”-ийн дэлхий нийтэд танигдсан, алдартай, тэргүүлэх сэтгүүлчид, олон улсын тоймчид ажилладаг бөгөөд тэд хүнд хэцүү асуултаар зочидоо сорьдог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцлага хийсэн хөтлөгч Тим Франкс өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Билл Клинтон нар болон бусад орны лидерүүд, төр засгийн тэргүүн нартай ярилцлага хийж байсан туршлагатай нэгэн юм.

Тэрээр “Монгол Улс байгалийн ашиглаагүй асар их нөөц баялагтай, эдийн засаг нь ирэх арван жилд 10 хувиар өсөх төлөвтэй байгаа гэж шинжээчид дүгнэж буй талаар юу хэлэхсэн бол?  Тэр их баялгаа хэрхэн шударгаар хуваах вэ гэдэг асуудал Ерөнхийлөгч таны санааг зовоож байна уу? Хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа хэрхэн зохицуулдаг вэ? Монгол Улс эрэлт хэрэгцээ ихтэй Хятад Улстай ойр дөт оршдогийн хувьд төмөр зам тавиад л амархан борлуулчих нь танай зах зээл юм биш үү, эсвэл монголчууд түүнээс болгоомжилж байна уу? Орос танай найдвартай түнш мөн үү ер нь Монгол нүүрс, алт, зэсээрээ хэтэрхий олон орны анхаарлыг татаад байгаа юм биш үү?” гэх мэт олон сонирхолтой асуулт тавилаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариултдаа “Монгол Улс бол  нээлттэй, эрх чөлөөтэй орон. Дэлхийд байгалийн баялгаараа эхний аравт ордог орны нэг. Монгол Улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа тэнцвэртэй байлгахыг эрхэмлэдэг. Түүнээс гадна бид гурав дахь хөршийн бодлого бас баримталдаг. Мэдээж хятадын зах зээлийг бид тооцож байгаа. Орос руу ч, Хятад руу ч төмөр зам тавина. Хоёр хөршөөрөө хязгаарлахгүй Солонгос, Япон гээд дэлхийн бусад оронд ч баялгаасаа гаргана. Хамгийн гол нь баялгаас олох ашиг цөөн хүний халаасанд бус нийт иргэдэд хүртээлтэй байх ёстой. Канад, Австрали гээд нээлттэй, ил тод орнууд баялгаа ашиглан  амжилтад хүрсэн байдаг. Тэгэхээр бидэнд алдаа, онооноос нь сурах орнууд байна.  Монголын ард түмэн  хяналтаа тавьж, тэдний саналыг бид шийдвэр гаргахдаа үндэс болгодог. Монгол Улс зөв чиглэлээр явж байгаа гэж итгэж байна. Байгалийн баялгаас олох орлогыг эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудалд зориулна. Монгол Улс өнөөг хүртэл голчлон түүхий эд экспортолдог. Үүнийг ард түмэн таашаахгүй байгаа. Одоо эх орондоо аль болох боловсруулах, ажлын байр бий болгох, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох чиглэл барьж байна. Энэ чиглэлд бас баялгаас олсон мөнгөө хөрөнгө оруулалт болгоно…” зэрэг хариултыг өгсөн байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа

Их Британи Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж ярилцав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, төр, засгаас баримталж буй бодлогын асуудлаар мэдээлэл хийж,  Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар зарим тодорхой санал тавив. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Британийн улс төр, эдийн засгийн байдал, еврогийн зах зээлийн хямрал, түүний Британид үзүүлж буй нөлөө, зохицуулалт зэргийн талаар мэдээлэл хийж, Британи Улс нь худалдаа, санхүүгийн чухал төв төдийгүй, сансарын технологи, боловсруулах үйлдвэрлэлийн технологийн хувьд ч Европ болон дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд яваагаа нотлож, түүний тэргүүлж буй эвслийн Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж, улс орныхоо ирээдүйд чиглэсэн томоохон шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл хийв.

            Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Д.Камерон нар Монгол-Британийн харилцааг дараагийн жилүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор худалдаа, санхүү, аж үйлдвэржүүлэлтийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх талаар санал солилцон ярилцав.

» Read more

Монгол-Британийн бизнесийн чуулга уулзалт боллоо

2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Монгол-Британийн худалдааны танхимтай хамтран Лондон хотноо Монгол-Британийн бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулав.

ЭСЯ-наас жил бүр уг чуулга уулзалтыг зохион байгуулж, заншсан бөгөөд жилээс жилд хэлэлцэх асуудлын хамрах хүрээ,тавигдах илтгэлүүдийн чансаа, илтгэгчдийн түвшин, оролцогдын тоо, цар хүрээ улам бүр өргөжиж ирлээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нь урд жилүүдэд зохиогдож байсан чуулга уулзалтуудаас хэд хэдэн онцлогтой байлаа. Нэгдүгээрт, Монголыг сонирхох, Монголын компаниудтай хамтран ажиллах, Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэх сонирхол Британид ихээр нэмэгдэж байгаа үед болж байгаа. Хоёрдугаарт, Британийн эдийн засгийн түүчээ болж явдаг Лондонгийн хөрөнгийн бирж, Рио Тинто компани, Стандарт чартерд, Барклиз банк зэрэг байгууллага Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж, Монголд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлж буй цаг мөчид болж байгаа. Гуравдугаарт, Монголын компаниуд Британийн, цаашилбал Европын, улмаар дэлхийн зах зээлд гарах, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцох сонирхол маш өндөр байгаа мөчид энэ бизнес форум болж байгаагаараа онцлогтой болов.

» Read more

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БРИТАНИД АЙЛЧИЛЖ БАЙНА: ЙОРКИЙН ГҮН, ХУНТАЙЖ ЭНДРЬЮТЭЙ УУЛЗАВ

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Йоркийн гүн, Хунтайж Эндрьютэй Букингемийн Ордонд уулзав. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле нар байлцав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлж, уул уурхайд түшиглэсэн эрчимтэй хөгжлийн шатанд Британийн хөрөнгө оруулалт, тэргүүний техник, технологи чухал ач холбогдолтойг тэмдэглээд уул уурхайгаас гадна боловсруулах аж үйлдвэр, дэд бүтэц, тэр дундаа засмал зам, төмөр зам зэрэг салбарт хөрөнгө оруулах өргөн боломж байгаа талаар санал болгож ярилцав. Тэрчлэн цаг уурын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудлаар олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой гээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг британийн ТББ-ууд, сангууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлэв.

Йоркийн гүн, Хунтайж Эндрью Монгол Улсад хэд хэдэн удаа айлчилж байснаа элэгсэг дотноор дурсч, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, тэр дундаа Лондонгийн Хөрөнгийн бирж, Монголын Хөрөнгийн биржийн хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаа илэрхийлэв.
МОНГОЛ УЛСААС ИБУИНВУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2011 оны 10 дугаар сарын 21

Европ дахь өндөр, боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монголчуудын анхдугаар чуулга уулзалт

Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ дахь өндөр, боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг 2011 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулах гэж байна. Уг чуулга уулзалтын талаарх мэдээллэл, хөтөлбөр, оролцогчын анкетийг энд дарж үзнэ үү. Сонирхсон асуултаар Британийн Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар /naranbaatar_co@yahoo.com/ -т хандана уу.

ЗАРЛАЛ

2011 оны 10 дугаар сарын 7-ны Баасан гаргийн 14.00-18.00 цагт ЭСЯ дотоод ажилтай тул иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдээлж байна.

“МОНГОЛ ХӨӨМИЙН СОЁЛЫН ӨВ” АНХДУГААР БАГА ХУРАЛ ЛОНДОН ХОТНОО ЗОХИОГДОЖ ОЛОН УЛСЫН ХӨӨМИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элсэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол хөөмийг хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ  “Монгол хөөмийн соёлын өв” анхдугаар бага хурал болон “Монгол хөөмийн наадам”-ыг 2011 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Лондон хотноо Лингуа Глобал компанитай хамтран амжилттай зохион байгуулав.

Олон Улсын Хөөмийн Холбоо байгуулагдав.
“Монгол хөөмийн соёлын өв” бага хурлын ажиллагааг нээж элчин сайд Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Монголчууд бидний бахархал, соёлын өв болох хөөмийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн явдал нь монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал болсон гээд бид энэхүү соёлын өвийг өөрийн болгож дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн үндэстэний хувьд түүнийг дэлхий нийтэд сурталчилан таниулах, түгээх ажлыг тасралтгүй хийж байх ёстой” гэлээ. Эл зорилгоор бага хурлаар “Олон улсын хөөмийн холбоо”-г байгуулах саналыг хэлэлцэх гэж буй нь чухал ач холбогдолтой болохыг цохон дурдав.

» Read more

ЗАРЛАЛ

Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа Лондон хотод 7 дугаар сарын 1-нээс эхлэн Даваа гарагаас Баасан гараг хүртэл 09.00-18.00 цагийн хооронд явагдаж байна. / бүртгэлийн ажиллагаа хязгаартай болохыг анхаарна уу/
Манчестер хотод 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд, Ирланд Улсын Даблинд 7 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд бүртгэл  явагдана.  

Манчестер хотод холбоо барих бүртгэлийн ажилтны утас:
Н.Батбилэг: 07466522364

Ирланд Улсад холбоо барих бүртгэлийн ажилтны утас:
Б.Энхбаяр:07766798091

ЛОНДОН ЭСЯ
2011-07-09

1 25 26 27 28 29 33