БРИТАНИ БОЛОН ИРЛАНДАД СУРЧ БУЙ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРАНТУРЫН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Британи, Ирланд, Исландад түр хугацаагаар зорчиж байгаад саатсан, нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ энэ оны 3 дугаар сараас хойш үргэлжлүүлэн хийсээр байна.

Энэ хугацаанд нийт 515 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлснээс УОК-ын Шуурхай штабын шийдвэрийн дагуу өмнөх 5 удаагийн тусгай үүргийн нислэгт нийт 199 иргэн хамрагдаж, өнөөдрийн байдлаар 316 иргэн үлдээд байгаа юм.

Энэ оны 9 дүгээр сард хичээлийн шинэ жил нь эхлэх гэж буйтай холбогдуулан өөрсдийнхөө төлөвлөгөөг өөрчилж Монгол руу буцахгүйгээр байгаа газраа хичээл сургуулиа үргэлжлүүлэхээр болсон оюутнууд байвал тэр тухайгаа secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягаар яаралтай мэдэгдэж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.

Тус ЭСЯ энэ оны 8 дугаар сарын 21-ний өдөр болон 26-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгүүдэд хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж УОК-ын Шуурхай штабт өнөөдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

БРИТАНИД ЗОРЧИХ ВИЗИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Британийн Дотоод хэргийн яам КОВИД-19 халдварын улмаас эх орондоо буцах боломжгүй болоод байгаа ба энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Британид зорчих визийн хугацаа нь дуусаж буй гадаад улсын иргэдийн визийг 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин 1 сараар сунгах шийдвэрийг гаргаад байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу: https://www.gov.uk/…/coronavirus-covid-19-advice-for-uk-vis…

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус ЭСЯ Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг “Хувь хүний нууцын тухай хууль”-д нийцүүлэн ил тод болгох тухай мэдэгдлийг энэ оны 7 дугаар сарын 21-ний өдөр цахим хуудсандаа байршуулсан билээ.

Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан зарим иргэдийн хувьд өөрийн нэрийг нийтэд ил болгохоос татгалзсан хариу өгсөн учраас тэдгээр иргэдийн болон насанд хүрээгүй хүүхдүүдийн нэрсийг энэ жагсаалтад нууцалж оруулсан байгааг анхаарна уу.

Ийнхүү энэ оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлтээ гаргаад буй нийт 321 иргэний мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаан тус бүрээр ангилж, анх бүртгүүлэхээр ирүүлсэн имэйлийн огноогоор эрэмбэлсэн жагсаалтыг үүгээр танилцуулж байна. Дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү.

БРИТАНИ:
https://drive.google.com/…/1-Y-g0FMZZcGm3ikxX515XTXRm…/view…

ИРЛАНД болон ИСЛАНД:
https://drive.google.com/…/15xP8axM5SuYW4ZSguH2K-sWO-…/view…

Жич: Хэрвээ Таны нөхцөл байдал өөрчлөгдөж нутаг буцах шаардлагагүй болсон байгаа бол тэр тухайгаа secretary@embassyofmongolia.co.uk цахим хаягаар бидэнд мэдэгдэж нэрээ хасуулахыг хүсье.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ЖАГСААЛТЫГ НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ТУХАЙ

УОК-ын Шуурхай штабаас хилийн чанадад түр хугацаагаар зорчиж байгаад саатсан Монгол Улсын иргэдээ татан авах үйл ажиллагааг ил тод болгох чиглэл баримтлахыг үүрэг болгоод байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн жагсаалтыг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн энэ оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахим хуудсандаа байршуулахаар бэлтгэж байна.

Ингэхдээ зөвхөн иргэдийн овог, нэр болон ЭСЯ-нд анх бүртгүүлэхээр ирүүлсэн имэйлийн огноогоор эрэмбэлэн мэдээлэх болно.

Хэрвээ Та ЭСЯ-нд бүртгэлээ хийлгэсэн боловч УОК-ын Шуурхай штабын энэхүү шийдвэрийн дагуу өөрийн нэрийг нийтэд ил болгохоос татгалзаж байгаа бол энэ тухайгаа secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягаар энэ оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор мэдэгдэнэ үү. Энэ тохиолдолд Таны нэрийг нийтэд ил болгохгүй. Тэгсэн хэдий ч нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн жагсаалтаас хасахгүй, цааш цаашдын тусгай үүргийн нислэгт бүрэн жагсаалтыг тухай бүр УОК-ын Шуурхай штабт хүргүүлж байх болно.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

ЭНЭ ОНЫ 7 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР ФРАНКФУРТ-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ҮЙЛДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ТУХАЙ

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгтэй холбогдуулж тус ЭСЯ нутаг буцах хүсэлтээ гаргасан нийт 345 иргэний (Британи-255, Ирланд-89, Исланд-1) нэрсийн жагсаалтыг холбогдох өргөдөл, нотлох баримт, материалын хамт энэ оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар УОК-ын Шуурхай штабт хүргүүлсэн болно.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийг өмнөх жишгээрээ УОК-ын Шуурхай штаб эцэслэн баталгаажуулж нийт 35 иргэнийг (Британи-23, Ирланд-12) сонгосон хариу ирүүлээд байна.

Үүнд өндөр настан 3 иргэн, бага насны хүүхэдтэй гэр бүлээр 5 иргэн, жирэмсэн 1 иргэн, эрүүл мэндийн шалтгаантай 6 иргэн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай буюу байрлах газаргүй, санхүүгийн боломжгүй болсон, ар гэрийн гачигдалтай 20 иргэн тус тус багтаад байна.

Эдгээр иргэдтэй тусгайлан утсаар холбогдож дараагийн шатны зааварчилгааг өгч ажиллаж байна.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ
2020.07.20

ИРЛАНДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ирландын Засгийн газар “COVID-19” цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд орсон нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хөл хөдөлгөөний хязгаарлалтыг 5 үе шаттайгаар сулруулахаар ажиллаж байгаа билээ.

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр үе шатанд шилжин орох байсан боловч нөхцөл байдал сайнгүй, халдвар цаашид ихсэх хандлагатай байна гэж үзэн хугацааг 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулав. Иймд Ирландад оршин суугаа монгол иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүж хэрэглэнэ үү.

Ирландад оршин суух таны визийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 20-ноос өмнө дуусах бол 1 сарын хугацаагаар шууд сунгагдахаар болсон байна. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн https://inis.gov.ie; https://inisonline.jahs.ie цахим хаягаар авна уу.

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болно.

ЛЕСТЕРШИРД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Английн хэмжээнд КОВИД-19 өвчний шинээр бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 хувь нь Лестерширд илэрсэнтэй холбогдуулж Британийн Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Leicester болон түүний дагуул Wigston, Oadby, Blady хотуудад тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоов. Иймд Та зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, оршин суугаа хотынхоо хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөнө үү.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан болно.

ИСТАНБУЛ-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ҮЙЛДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ТУХАЙ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Турк болон тус улс руу нислэг үйлдэх боломжтой газар нутагт байгаа иргэдийг татан авахаар төлөвлөөд байна.

Дээрх нислэгээр УОК-оос тавьж буй хүндэтгэн үзэх 5 шалгуураас гадна нислэг зогсоосноос хойших хугацаанд удаа дараа өргөдөл гаргасан боловч нислэгт багтаагүй иргэдийг түлхүү хамруулах чиглэл баримтлахыг УОК-ын дарга анхааруулсан.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ нутаг буцах хүсэлтээ гаргасан ИБУИНХУ, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Исланд Улсад саатаад байгаа иргэдийн бүртгэлийг үргэлжлүүлэн хийж, эцсийн жагсаалтыг энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр УОК-ын Шуурхай штабт хүргүүлнэ.

Тус нислэгт хамрагдах зорчигчдын нэрсийг өмнөх жишгээрээ УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж буй ажлын хэсэг ЭСЯ-наас хүргүүлсэн жагсаалт болон иргэдийн өргөдөл, нотлох баримтыг нягтлан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Шуурхай штаб нь зорчигчдын нэрсийг сонгон шалгаруулсны дараа тус ЭСЯ-нд мэдэгдэх болно. Үүний дараа ЭСЯ-наас нэрс нь баталгаажиж ирсэн иргэдтэй утсаар холбоо барьж, дараагийн шатны зааварчилгааг өгөх болно.

Жич: Тус ЭСЯ-нд нутаг буцах хүсэлтээ өгч, баталгаажуулалт авсан иргэдийн хувьд дахин имэйл ирүүлэх шаардлагагүйг анхаарна уу.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

1 2 3 4 36