ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

 

 

 

 

 

 

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна.

Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Жич: 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспортын сунгалт хүчинтэй хэвээр байна.

Лондон дахь Монголчуудын шинэ жилийн цэнгүүн болов

Лондон дахь Монголчуудын шинэ жилийн цэнгүүн 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр боллоо. Шинэ жилийн цэнгүүнийг уламжлалын дагуу Британи дахь Монголчуудын холбооноос зохион байгуулав. Энэ жилийн цэнгүүний онцлог нь 1920-иод оны стилийг дурсан <<Гатсби шиг цэнгэцгээе>> уриатайгаар үдэшлэгийн зочид бүгд 1920-иод оны стиль бүхий гоёлын хувцас, чимэгтэй ирж оролцсон явдал байв. Мөн шинэ жилийн цэнгүүнийг чимж Британийн Gatsby five peices жааз хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөв. Цэнгүүний үеэр Монгол өвлийн өвгөн болон Санта өвгөн хамтдаа хүрэлцэн ирж зочдын дундаас хамгийн шилдэг Гатсби стильтэй оролцогч шалгаруулж, мөн хөгжөөнт тоглоом зохион байгуулж, азтай ширээ шалгаруулж өвлийн өвөөгийн бэлгийг гардуулав. Цэнгүүнийг ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Одонжил нээж, улиран одож буй онд Британи дахь Монголчуудын гаргасан амжилт ололтын талаар тэмдэглэн, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Лондон дахь Хүүхдийн шинэ жилийн цэнгүүн зохион байгуулагдав. Баярын энэ өдрөөр авъяаслаг монгол хүүхдүүдийн дуу, бүжиг, <<Манжингийн үлгэр>> жүжиг, хөгжөөнт тоглоом, уран зургийн уралдааныг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт шинэ жилийн бэлгийг өвлийн өвгөө гардуулан өгөв. Энэхүү арга хэмжээг ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр нээж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

Эдгээр арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулсан Британи дахь Монголчуудын холбооны хамт олон, мөн чинь сэтгэлээсээ тусалж дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, ажлын амжилт, хамгийн сайн сайхныг ЭСЯ-ны зүгээс хүсэн ерөөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ


 

 

 

 

 

 

Ирэх 2018 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд, ИБУИНВ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд нар харилцан баяр хүргэсэн захидал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Сайд нар хоёр талын найрсаг харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгааг дурдаад цаашид олон салбарт, тухайлбал худалдаа, эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж, бололцоо байгааг тэмдэглэв. Мөн тэрчлэн хоёр тал олон талт хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

 

 

 

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаманд уулзалт хийв

Олон улсын далайн байгууллагын Ерөнхий хуралдаанд оролцож байгаа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Британийн олон улсын худалдааны яамны яамны орлогч сайд М.Гарниертэй албан уулзалт хийв. Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцож цаашдын харилцааны талаар ярилцав.  Ноён М.Гарниер энэ оны хавар манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ Дэд сайдтай мөн уулзаж байсан юм.

Монгол Улсын төлөөлөгчид Олон Улсын Далайн Байгууллагын 30 дахь удаагийн Ерөнхий Ассамблейд оролцов

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар Ерөнхий чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож байна.

Дэд сайд Б.Цогтгэрэл тус Чуулганы нээлтэд үг хэлж, усан замын тээврийн салбарт Монгол Улсыг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

ОУДБ-ын Удирдах дээд байгууллага болох Ерөнхий чуулган хоёр жил тутамд хуралддаг бөгөөд чуулганаар уг байгууллагын үйл ажиллагаа болон дэлхийн далайн тээврийн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, чиг хандлагыг тодорхойлох, зохицуулах талаар гишүүн орнуудын саналыг нэгтгэхийн зэрэгцээ байгууллагын удирдах Зөвлөлд орж ажиллах гишүүн орнуудыг сонгох сонгуулийг зохион байгуулдаг юм. Мөн Зэм, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй чуулганы төлөөлөгчид ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Китак Лимтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

ЛОНДОН ХОТНОО ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Mongolian Community Organization хамтран <<Миний эх орон>> сэдэвтэй, Монголчуудын түүхэн ба өнөө цагийн ахуй, соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Монголчууддаа зориулан 2017 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд John Keys Resource Centre-д байгууллаа.

Үзэсгэлэнг ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр нээж үг хэлэв. Мөн Британид амьдарч байгаа Монгол хүүхдүүдийг төлөөлөн Holland Park дунд сургуулийн сурагч О.Содмандах АУЗ Д.Пүрэвдоржийн <<Тусгаар тогтнол>> шүлгээс уншиж сонирхуулав. Үзэсгэлэнд тавигдсан зургууд нь ЭСЯ-ны фондод хадгалагдаж байсан, хувь хүмүүсээс дурсгасан, Элчин сайд С.Баярын хувийн цуглуулгын хэсгээс тус тус бүрдсэн юм.

БРИТАНИД ЗОРЧИХ МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖҮҮД

1)    Хил, гаалиар нэвтрэх

 

  • Британийн хилийн шалганд орохоос өмнө “орох хуудас”(landing card)–ыг үнэн зөв, гаргацтай бөглөх, ийнхүү бөглөхдөө анх виз мэдүүлэхдээ өгсөн мэдээллээ оруулах шаардлагатай.
  • Паспортоо биедээ авч явах. Онгоцноос буухдаа Паспортоо орхиж буух, алдах тохиолдол цөөнгүй гардаг тул сонор сэрэмжтэй байна уу.
  • Суралцахаар ирж байгаа тохиолдолд сургуультайгаа холбоотой бичиг баримтуудаа гар тээшиндээ авч явах. Үүнд сургуульд тэнцсэн баталгааны дугаар (Confirmation of Acceptance for Studies (CAS) number) заавал байх шаардлагатай.
  • Зорчигчийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл Британийн хилийн албаны ажилтан өөрийн үзэмжээр тодорхой баримт бичгийг, тухайлбал банкны дансанд холбогдох мэдээллийг шаардаж болзошгүй.
  • Хилийн албаны ажилтан танаас Британид байх хугацаа, зорилгын талаар асуулт асууж хариулт авах эрхтэй гэдгийг санаж бэлтгэлтэй байх. Та анх виз мэдүүлснээс өөр зорилго, агуулга бүхий мэдээлэл өгөх нь таныг хилээр нэвтрүүлэхгүй байх, түр цагдан хорих, нутагт тань албадан буцаах арга хэмжээ авах үндэслэл болно.
  • Хүнсний ямар нэг бүтээгдэхүүн хилээр авч орохыг хориглоно.
  • Тодорхой бараа бүтээгдэхүүнийг тээшиндээ авч явах дээд хэмжээ байдаг. Жишээ нь янжуур тамхи 200 ширхэг буюу 2 блок, архи 1 литрээс дээш авч орохыг хориглодог.
  • Хуурамч буюу дууриамал бараа бүтээгдэхүүн, хар тамхи, зэвсэг, сум зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн авч орохыг хатуу хориглоно. Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний тухай мэдээллийг https://www.gov.uk/guidance/personal-food-plant-and-animal-product-imports -ээс уншиж танилцана уу.
  • Та биедээ 10.000 еврогоос их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай. (https://www.gov.uk/bringing-cash-into-uk)
  • Бусдын бичиг баримтыг авч явж хэрхэвч болохгүй. Бусдын бичиг баримтыг зайлшгүй авч явах шаардлагатай тохиолдолд энэ тухай зохих нотолгоо тайлбарыг Англи хэлээр бичиж хавсаргасан байх нь зүйтэй.
  • Хилийн албаны ажилтнуудтай зохисгүй харилцах, гүтгэх, арьс өнгө, бусад байдлаар ялгаварласан хандлага гаргах, худал хэлэх зэргээр авирлавал энэ бүхэн тань ямагт бүртгэгдэж, мөн таныг хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болох анхаарна уу.

 

2)     Хилээр нэвтэрсний дараа

 

  • Танд олгосон визийн мэдээлэлд визийн хугацаа, ангилал, төрөл, ажиллах эрхтэй эсэх, эрхтэй бол долоо хоногт ажиллах цагийн хязгаарыг тус тус багтаасан байдаг. Эдгээр нөхцөл, болзол зөрчигдсөн тохиолдолд таныг баривчлах, улмаар тань албадан гаргах үндэслэл болдог.
  • Аялалын виз, эсхүл ажиллах эрхгүй визтэй ирээд ажил хийж байхдаа ажлын байран дээрээс Цагаачлалын албаны ээлжит ба ээлжит бус шалгалтын үеэр баригдах тохиолдол нэлээд их байна.
  • Мөн визийн хугацаа нь таны тус улсад амьдрах хугацаа биш гэдгийг анхаарна уу. Тухайлбал, “С” ангиллын аялалын виз, олон удаагийн орох эрхтэй 6 сарын хугацаатай олгогдсон нь таныг тус улсад 6 сарын турш амьдрах эрхтэй гэсэн үг биш. Британид таны байх хугацаа таны виз анх мэдүүлэхдээ бичиж өгсөн хугацаагаар тогтоогдоно гэдгийг анхаарна уу. Хэрэв анх виз мэдүүлснээсээ урт хугацаагаар Британид оршин суусан тохиолдолд энэ нь таны дараагийн визэнд сөргөөр нөлөөлнө.

 

 

3)    Оюутнуудад зориулсан зөвлөмж

 

  • Британид ирээд та хамгийн түрүүнд сургуульдаа бүртгүүлж оюутны үнэмлэх (Student ID)-ээ авч, өөрт хамгийн ойр орших Өрхийн эмнэлэг (General Practitioner)-дээ бүртгүүлэх хэрэгтэй.
  • Элчин сайдын яаманд бүртгүүлэх. Яаралтай хэл дуулгах, ар гэрийн гачигдал, өвдөх зэрэг аливаа асуудал гарахад та ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байвал танд тусламж үзүүлэхэд хялбар болно. Бүртгүүлэхийн тулд http://embassyofmongolia.co.uk/?p=214&lang=mn -аас зохих бүртгэлийн маягтыг татан авч бөглөн ЭСЯ-ны otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягт илгээх.
  • Аливаа гэрээний нөхцөлийг урьдаас сайтар уншиж танилцаж байх. Байр түрээслэх, гар утас авах, фитнес клубын гишүүн болох гэх мэт бүх төрлийн үйлчилгээ авахад гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Энэ үед гэрээний бүх нөхцөлийг уншаагүйгээс хожим гэрээ цуцалж болохгүй нөхцөлийг зөвшөөрсөн байх, илүү их төлбөр, торгууль төлөх байдалд орох нь түгээмэл тул гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн уншсаны үндсэн дээр сонголт хийх шаардлагатай.
  • Хувийн бичиг баримтуудаа нягтлах. Та өөрийн Паспорт (Гадаад паспорт) -ын хүчинтэй хугацааг нягталж, дуусахаас нь өмнө Лондон дахь ЭСЯ-нд хандаж сунгуулах шаардлагатай. Мөн виз, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж байх нь таны үүрэг хариуцлага гэдгийг анхаарна уу.
  • Британийн хууль дүрэм. Гудамж талбайд хог, нус цэрээ хаях, бие засах зэрэг үйлдэл нь тус улсад эрүүгийн хэрэгт тооцогддог. Монгол улсын иргэн согтуудаа Лондон хотын нэгэн паркад хөнгөн бие зассаны улмаас цагдаагийн байгууллагад баривчлагдаж, улмаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн явдал 2017 онд гарсан. Олон нийтийн газар бусдыг удаан хугацаагаар ширтэх, бусдын биед хүрэх, бүдүүлэг харьцах, бусдыг арьс өнгө, гарал үүсэл, шашин болон итгэл үнэмшил, хүйсээр тохуурхах, доромжлох, ялгаварлах нь хуулийн хатуу ялтай байдаг. Харилцаандаа ийм хандлага төдий гаргасан оюутан сургуулиасаа хөөгдсөн тохиолдол бий. Тус улс нь нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн камержуулсан хяналтанд байлгадаг, үйлчилгээний газруудад дүрс, дууны бичлэг хийдэг. Гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх, юуг гэмт хэрэг, зөрчил гэж тооцдог талаар дэлгэрэнгүйг http://www.cps.gov.uk/legal/v_to_z/youth_offenders/аас уншиж танилцана уу.
  • Бичиг баримтаа алдах. Оюутнууд Паспорт, виз, оршин суух үнэмлэх – Biometric Residence Permits (BRPs) бичиг баримтаа гээх, хулгайд алдах явдал маш ихээр гардаг. Манай иргэд нэгнийхээ бичиг баримтыг хулгайлах, улмаар түүнийг цааш нь худалдахаар завдсан тохиолдол удаа дараа гарсан. Харамсалтай нь бусдын бичиг баримтаар ажиллаж, амьдрах явдал тус улс дахь Монгол иргэдийн дунд түгээмэл байдаг. Та бичиг баримтаа гээгдүүлдсэн, хулгайд алдсан тохиолдолд цаг алдалгүй ойролцоох цагдаагийн байгууллагадаа мэдэгдэж бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэн тухай тодорхойлолт нотолгоо авах шаардлагатай. BRP-ийг нөхөж авах тохиолдол дараах холбоост байгаа зааврын дагуу нөхөн авах талаарх мэдээллийг https://www.gov.uk/biometric-residence-permits/replace -ээс уншиж танилцана уу.
  • UK giin Mongol Zar -д нэгдэх. Энэ нь алба, амины олон асуудлаар мэдээлэл солилцдог Фейсбүүкийн хамгийн том зарын булан тул Британи дахь Монголчуудын холбоо, Элчин сайдын яамны үйл ажиллагааны зар мэдээг уг группээр дамжуулан хүргэдэг. Энэ группд заавал нэгдээрэй.
  • Стрессээс зайлсхийх. Цаг агаарын ялгаатай байдлаас хамаарч Монголоос ирсэн оюутнууд стресст орох явдал гардаг. Иймд цаг агаарын мэдээ үзэж нартай үед заавал гарч салхилах, мөн найз нөхөдтэй болж цагийг сонирхолтой өнгөрөөх, Монголчуудын дунд зохиогддог арга хэмжээнд оролцох, сайн дураар ажиллах зэргээр өөрийгөө ганцаардах, стресст орох сэргийлээрэй.

 

4)    Цахим залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх

 

  • Интэрнэтээр эд зүйлс зарах, худалдан авах, байр, өрөө хөлслөх гэрээ байгуулах, урьдчилгаа болон барьцаа төлөх зэрэг төрөл бүрийн зар гардаг болсон. Та баталгаагүй цахим хуудас, худалдаа, үйлчилгээ борлуулах гэсэн хуурамч саналуудаас болгоомжилж сайтар нягталж байх шаардлагатай.
  • Баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй тохиолдолд бусдад өөрийн бүтэн нэр, хаяг, банкны дансны мэдээлэл, цахим шуудан, утасны дугаарыг хэрхэвч өгөхгүй байх нь зүйтэй.
  • Таны банк болон санхүүгийн байгууллагын нэрээр хуурамч цахим шуудан илгээж банкны мэдээлэл нууц үгээ өөрчлөх хүсэлт ирсэн тохиололд илгээгчийн цахим шуудангийн хаягийг сайтар шалгах шаардлагатай бөгөөд энэ асуудлаар банкиндаа хандаж лавлаж болно.
  • Банкны картын дугаарыг онлайн худалдааны олон веб сайтад бүртгүүлэх, сануулж орхихоос зайлсхийх шаардлагатай.
  • Таны хэрэглэдэг компъютер тань вирусын эсрэг програмтай эсэх, тэдгээрийн хугацааг зохих ёсоор сунгасан эсэхийг сайтар нягталж байна уу.
  • Худалдан аваагүй бараа, үйлчилгээний нэхэмжлэхийг нээж үзэхгүй байх нь зүйтэй, вирус нь зар сурталчилгааны болон хонжворын хэлбэрээр ирж таныг тодорхой линк дээр дарж нэвтэрч орохыг санал болгох нь түгээмэл байдгийг анхаарах.
  • Хэрэв та цахим залилангийн хохирогч болсон тохиолдолд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн 0300 123 2040 дугаарын утас руу цаг алдалгүй залгаж, зөвлөгөө авах, өргөдөл гомдлоо бүртгүүлэх боломжтой. Таны найз нөхөд, ойр орчинд тань цахим гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол энэ тухай мэдээллийг 0300 123 2040 дугаарын утсаар мэдээлж бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх боломжтой. Цахим гэмт хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.actionfraud.police.uk/about-us -ээс авна уу.

 

Таныг баривчилсан үед таны эрх

Тус ЭСЯ-наас суугаа орондоо амьдарч байгаа Монгол иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан хүргэж байгаа цувралын хүрээнд “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас баривчлагдсан үед таны эдлэх эрх” сэдвээр энэхүү зөвлөмж, мөн суугаа орны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн орчуулгыг та бүхний хэрэгцээнд зориулан хүргэж байна. 

 

ТАНЫГ БАРИВЧИЛСАН ТОХИОЛДОЛД

Санамж: Энэхүү мэдээлэл нь ИБУИНВУ-ын хууль тогтоомжийн талаарх зөвлөгөөг орлохгүй бөгөөд иргэдэд энгийн ойлгомжтой байлгах шаардлагын дагуу хялбаршуулсан болно.

Таныг баривчилсан тохиолдолд:

Британийн хууль сахиулах байгууллагын ажилтан таныг баривчилсан тохиолдолд ихэвчлэн цагдаагийн хэсэгт авчирна. Үүний дараа хорих өрөөнд саатуулж, танаас мэдүүлэг авах ажиллагаа явуулдаг.

Таныг хуулийн дагуу шалгах ажиллагааны дараа суллах, эсхүл тодорхой зөрчил, гэмт хэрэгт сэжиглэн шүүхэд шилжүүлэх юм.

Хэргийн ээдрээ төвөгтэй болон нийгэм, гэр бүлд учруулж болзошгүй байдлаас шалтгаалан таныг хорьж саатуулах хугацаа харилцан адилгүй байна.

Хэрэв та Англи хэл мэддэг бол өөрийгөө Монгол Улсын иргэн гэдгээ хэлж, Элчин сайдын яамны консулын ажилтантай холбоо барих хүсэлтээ гаргах нь зүйтэй.

Та Англи хэл мэдэхгүй тохиолдолд Монгол хэлний орчуулагчаар дамжуулан ярилцах хүсэлт гаргаж болно. Монгол хэлний орчуулагч олдох хүртэл та өөр ямар нэгэн хэлээр ярьдаг бол уг хэлээр ярих боломжтойгоо цагдаагийн ажилтанд хэлж болно.

Монгол Улс нь ИБУИНВУ-тай Консулын конвенцийг 1975 онд байгуулсан(http://www.legalinfo.mn/law/downloadPdf/1271/). Энэ конвенцийн дагуу Монгол улсын иргэн ИБУИНВУ-ын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн улмаас баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд орон нутгийн хууль сахиулах байгууллага энэ талаар Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс та өөрийн эрхийг хамгаалуулах шаардлага гарсан даруйд Элчин сайдын яамны консулын ажилтантай уулзах хүсэлтээ гаргах нь зүйтэй.

 

Цагдан хорих газар дахь таны эрх:

Юуны өмнө та өөрийгөө ямар хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсанаа мэдэх эрхтэй. Мөн Хууль сахиулах байгууллагын ажилтан таны эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Та Хүний эрхийн түгээмэл тунхаглалд (http://www.legalinfo.mn/law/downloadPdf/1271/) заасан суурь эрхүүдийг эдлэхээс гадна. Британийн хууль сахиулах байгууллагаас дараахь зүйлсийг хүсэх эрхтэй байдаг:

–       Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах

–       Өөрийгөө хаана байгаагаа хэн нэгэнд мэдэгдэх

–       Биеийн эрүүл мэндэд тань асуудал, зовиур байгаа бол эмнэлгийн туслалцаа авах

–       Хоол хүнс, ариун цэврийн өрөөгөөр хангагдах

–       Хууль сахиулах байгууллагын ажилтны ажиллах дүрэм журамтай танилцах

–       Орчуулагч томилуулж харилцах.

 

Таныг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах үед таны эдлэх эрх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мөрдөж ажиллах ёстой хуулийг эндээс Монгол хэлээр татаж авч танилцана уу.

МАНЧЕСТЕР ХОТНОО “МОНГОЛ СОЁЛ, ШАГАЙН ХАРВААНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Монгол Улсын Элчин сайдын яам, Монголчуудын холбоо, Монголын Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбар холбооноос хамтран “Монгол соёл, шагайн харвааны өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ Манчестер хотноо 2017 оны 10 сарын 15 ны ням гаригт зохион байгууллаа.

Өдөрлөгийг Монгол морин хуурын аялгуу, монгол ардын уртын дуу “Алсын газрын зэрэглээ” дуугаар эхлүүлэв.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шагайн харваачдын нөхөрсөг тэмцээнд Лондон, Манчестер хотын багууд өрсөлдөв. Лондон хотын 2, Манчестер хотын 2 багуудын хооронд маш өрсөлдөөнтэй болж, 3 баг хожил тэнцэж сум уралдуулсанаар Э.Идэр ахлагчтай Манчестер хотын баг тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, Д.Болд ахлагчтай Лондон хотын баг тэргүүн дэд байрын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Энэ үеэр сонирхогчид, харваачдын дунд хувийн цуваа харвааны нээлттэй тэмцээн болов. Энэ төрөлд Манчестерийн Ш.Гантулга 9 онож тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, Лондон хотын Д.Болд 7 онож тэргүүн дэд байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн Манчестерийн Б.Батбаяр 6 онож гутгаар байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Нэгэн онцлох үйл явдал болсон нь Ноттинхам хотод амьдардаг шагайн харваа сонирхогчидийг дэмжих зорилгоор Лондон хотын харваач Б.Батсуурь өөрийн санаачилгаар шагайн мод хийж ирснийг Ноттанхам хотоос хүрэлцэн ирсэн морин хуурч Нямдаваад гардуулж өглөө.  

Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдийн дунд уран үйл хатгах тэмцээн явагдаж, тэргүүн байрт Д.Энхтуяа шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.

Өдөрлөгийн сонирхол татсан нэг хэсэг нь зочдын дунд Монгол дууны караоке тэмцээн болсон явдал байв.

ЭСЯ-ны консулын ажилтан Манчестер хот орчимд амьдардаг иргэддээ консулын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэв.

Арга хэмжээг ивээн тэтгэсэн Сумо Сүши төвийн хамт олон, Монголчуудын холбоо, Номадик Тюнс хамтлаг, М.Машбаяр Ерөнхийлөгчтэй Монголын Шагайн Харвааны Британи дахь салбар Холбооны хамт олон, Osechi шагайн өргөө клуб, өдөрлөгийг хөтлөн явуулсан М.Мөнхзоригт, Урнаа, тэдний гэр бүлийнхэнд талархал илэрхийлье.   

Элчин сайд ГХХНЯ-ны Ази, Номхон далайн газрын даргыг хүлээн авч уулзав

Элчин сайд С.Баяр Британийн ГХХНЯ-ны Ази, Номхон далайн газрын даргаар томилогдсон Патрик Мүүди-г хүлээн авч уулзахдаа түүнд ажлын амжилт хүсч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ЭСЯ-тай амжилттай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд олон талт болон хоёр талын харилцааны тодорхой асуудлуудаар санал солилцов. 

П.Мүүди хүлээн авч уулзаж байгаад Элчин сайдад талархал илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд боловсрол, эдийн засгийн салбарт идэвхжиж эхэлсэн ба Британийн тал цаашид ч энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэйг тэмдэглэв.